BMWAREZ BLOG : Ц.Ганхүү: 100 мянган айлын орон сууц барих компаниудыг удахгүй зарлана

-100 мянган айлын орон сууц хөтөлбөр ирэх сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ-

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Сар шинийн дараа өрнөж байгаа гол сэдэв нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр болж байна?

-Иргэдэд зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож орон сууцжуулах боломжийг хангах тухай Засгийн газрын 138 дугаар тогтоол өнгөрсөн онд гарсан. Тогтоолд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 55 ам.метрээс бага хэмжээтэй, хөтөлбөрт хамрагдсан орон сууцыг анх удаа худалдан авч байгаа иргэнд зургаан хувийн хүүтэй зээл олгох ажлыг тусгай журам гаргаж зохицуулахыг Сангийн болон Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, хотын захирагч гуравт даалгасан юм. Энэ дагуу бид багагүй хугацаанд ажиллаж, зээл олгох эх үүсвэр, зээл хүүгийн зөрүүний асуудал зэргийг банкууд болон Сангийн яамныхантай ярилцсаны эцэст үндсэндээ шийдлээ. Ингэхдээ зургаан хувийн хүүтэй байнгын эх үүсвэртэй байлгах боломжийг дараагийн шатанд судалж байгаа.

Нэгэнт хэрэгжүүлэхээр Засгийн газраас төлөвлөсөн ажил учраас юуны түрүүнд эхлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас дотоод зах зээлд бонд гаргаж, босгосон мөнгийг нь эргүүлээд иргэдэд зээл олгоё гэж байгаа юм. Энэ ажлын бэлтгэл арга хэмжээ болгож бондыг гаргана, санхүүгийн зохицуулах хороогоор бондоо зөвшөөрүүлнэ, дараа нь дуудлага худалдаа зохион байгуулна. Дуудлага худалдаанаас орсон мөнгийг байршуулна гээд тодорхой хугацаа орж таарна.

Энэ хооронд бид арилжааны банкуудтай хэлцэл хийгээд ирэх гуравдугаар сарын 15-наас 20-ны хооронд зээл олгох ажлыг албан ёсоор эхлүүлчих байх. Ямартай ч одоогоор захиалга төвлөрүүлэх, журмаа баталж янзлах эрх зүйн бичиг баримтуудыг цэгцлэх ажлуудыг хийж байна. Зургаан хувийн хүүтэй зээл олгох ажлыг зохион байгуулах, гэхдээ дотоод эх үүсвэрээсээ эхний ээлжинд гаргаж байя гэдэг саналыг 2-3 банкнаас тавьсан. Тухайлбал, Төрийн банк, Капитал банкнаас. Эдгээр банк эхний ээлжинд зээл олгохоор шийдвэрлэсэн.

-Зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд ямар шаардлагууд тавьж байгаа вэ?
-Нэгдүгээрт, 100 мянган орон сууцны хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонголтоо хийх ёстой. Хөтөлбөр хэрэгжиж дуусах 2016 оныг дуустал Улаанбаатар хотод нийтдээ 54 компанийн 63 мянга гаруй айлын орон сууц барих төлөвлөгөө бий. Үүнийг Засгийн газрын тогтоолоор баталсан. Хоёрдугаар шалгуур нь дээр өгүүлсэнчлэн 55 ам.метр талбайгаас бага хэмжээтэй орон сууц сонгох ёстой. Өмнө нь энэ хэмжээг 50 ам.метр байхаар заасан байсан ч бид иргэдийн эрэлт хэрэгцээг судалж үзсэний эцэст таван ам.метр нэмж, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулуулсан юм.

Ингэснээр иргэд жижгэвтэр гурван өрөө, өсвөл хоёр том өрөөтэй байртай болох боломж бүрдэж байна. Гурав дахь шалгуур нь тухайн иргэн анх удаа орон сууцны зээлд хамрагдаж байгаа хүн байх ёстой. Өмнө нь ямар нэгэн зээлд хамрагдаж байсан орон сууцтай хүнд боломж байхгүй. Дөрөвдүгээр шаардлагыг банкнаас тавьж байгаа. Тэр нь зээл хүсэгч төлбөрийн чадвартай гэдгээ нотолно. Түүнчлэн авахыг хүссэн орон сууцны тань барилгын гүйцэтгэл 50 хувиас дээш байх ёстой.

-Төлбөрийн чадвартай гэдгээ нотлох ёстой гэсэн. Тухайн иргэн хэдий хэмжээний орлоготой байх ёстой вэ?
-55 ам.метр талбайтай байр авах гэж байгаа айл дээд тал нь 50 саяын зээл авна. 20 жилийн хугацаанд төлж дуусгана. Тэрхүү зээлийг төлөх өрхийн орлого нь сард 750 мянгаас доошгүй байх ёстой.

-Хөтөлбөрт хамрагдсан иргэд Хүний хөгжил сангийн мөнгөө байрныхаа урьдчилгаанд төлж болох тухай Засгийн газрын журам өнгөрсөн онд гарсан шүү дээ?
-Энэ тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Хэрэв тухайн иргэн эх орны хишиг, хувиа хувьцаа хэлбэрээр биш, бэлнээр авахыг хүсвэл орон сууцныхаа төлбөрт шууд хийчихэж болно. Засгийн газрын тэрхүү тогтоолд Хүний хөгжил сангийн мөнгийг орон сууцныхаа төлбөрт өгөхийн тулд тухайн баг, хорооны нийгмийн ажилтнаар авахуулж, шалгуулаад өмнө нь нийгмийн халамж авч байсан эсэхийг нотолно гэх мэтээр журамласан байсан.

-Бүртгэл маргааш /гуравдугаар сарын 1-н/-аас эхэлнэ гэсэн. Иргэд хаана хандах билээ?
-ОССК дээр хүмүүсийг хүлээж авах нэг цэгийн үйлчилгээ байгуулж байгаа. Мөн 1907 дугаарын байнгын утас ажиллуулж байна. Түүнчлэн тухайн зээлд хамрагдаж хэрхэн тухай танилцуулга, гарын авлагыг бэлдсэн байгаа.

-Гэрээтэй барилгын компаниудын жагсаалтыг хэзээ танилцуулах вэ?
-Удахгүй хэвлэлүүдэд мэдээлнэ. Өнөөдөр дэд бүтцийг нь шийдчихсэн, ашигтай байрлалтай газрууд тэр бүр байхгүй байна. Ихэнх газар аж ахуйн нэгж, хувь хүний мэдэлд шилжчихсэн байна. Тиймээс өөрийн гэсэн газартай, газрынх нь захирамж, хоёрдугаарт тэр газар дээр барилга барих шийдвэр нь гарчихсан, өөрөөр хэлбэл бүх зүйл нь шийдэгдчихсэн бэлэн төслүүд байвал 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 192 компаниас 159 мянган айлын орон сууцны материал ирснээс шүүж үзээд шаардлага хангаж байгааг нь эхний ээлжинд оруулчихаад байна.

-Нэг болгоомжлол байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд байрны үнэ нэмэгдсээр 50 сая төгрөгт тэнцэх ам.метрийн хэмжээ хэтэрхий багасчих вий гэж. Гэрээтэй компаниудын үнийг төрөөс хянах боломж бий юу?
-Үнийн асуудалд төр оролцохгүй гэдэгт бид хатуу тохирсон. Яагаад бид заавал 50 хувийн гүйцэтгэлтэй компаниуд гэж байгаа вэ гэхээр, аливаа барилгын гүйцэтгэл 50-60 хувьдаа хүрээд ирэхээр санхүүгийн асуудалд ороод ирдэг. Ингээд ирэхээр хүссэн ч, хүсээгүй ч хүмүүстэй гэрээлэхийн тулд бага үнэ санал болгоход хүрнэ. Барилгын ажил удах тусам компанидаа хохиролтой. Богино хугацаанд барьж дуусгавал зардал нь бага, ашиг нь өндөр байдаг. Тэгэхээр барилгын компаниуд орон сууцаа удаан хадгалахгүйн тулд хүмүүстэй тохирно шүү дээ. Төр өөрөө үнийн асуудалд нь оролцчихоор болохгүй байгаа юм. 4000 айлын орон сууцны зээл олгоход ам.метр нь 480 мянган төгрөгийн үнэтэй орон сууцууд тэр үед хотын захаар байсан. Төр барилгын үнийн оролцоод ам.метрийн үнийг 650 мянга байхаар тогтоол гаргачихсан чинь өнөөх 480 мянга нь автоматаар өсөөд 650 мянга болчихсон.

-Нийт барилгын хэдэн хувь нь 55 ам.метр байгаа вэ?
-74 мянган айлын орон сууцны төсөл байгаагаас өнөөдрөөс эхлээд нэг жил зургаан сарын дотор 28.300 гаруй айлын орон сууц баригдахаар байна. Үүнээс 6000 гаруй нь 50 ам.метртэй байгаа юм. Гэтэл хэмжээ нь 55 ам.метрээс доош байна гээд заачихсан чинь 9017 орон сууц болж байгаа. Өөрөөр хэлбэл илүү олон хүнийг хамруулах боломж нэмэгдэж байна. Нийтдээ 74 мянган орон сууцны 40-50 хувь нь 55 ам.метр талбайтай байх нь.

Эх сурвалж:Түлхүүр.ком

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
байр (зочин)

55м2-аас их талбайтай байрыг 100000 орон сууцын журам батлагдахаас өмнө захиалцан
байсан нийт бага дунд орлоготой анх удаагаа байр авах гэж байгаа иргэдэд
уриалга дэвшүүлэх гэсэн юм аа. Бид гэр хорооллоос гарах гэж хэдэн жил зуглуулж
хадгалсан мөнгөө байрныхаа урьдчилгаа төлбөрт өгсөн. Гэвч 100000 орон сууцийн
хөтөлбөр гэр хорооллоос гарч байртай болоё гэсэн бид нарыг дэмжихгүй бололтой.

Тийм болохоор бүгд дуу хоолой, сэтгэл санаагаа нэгтгэн төр засагт:
Зуун мянган орон сууц ны журам батлагдахаас өмнө 55м2 дээш талбайтай 1 болон
2 өрөө байр захиалцан анх удаагаа байртай болох гэж байгаа хүмүүст энэ хөтөлбөрт
хамруулж өгнө үү гэж нэгэн дуугаар төр засгийнхаа чихэнд хүргэх хэрэгтэй байна.

Миний энэхүү саналыг надтай санал нэг байгаа хүмүүс бүх твитэр facebook, web хуудсанд
бичиж үлдээхийг хүсэж байна. 57м2 2 өрөө байр захиалсан одоо гэр хороололд амьдарч
байгаа нэгэн гэр бүл

Зочин

миний хувьд 6 хувийн шийдвэр гарахаас 2 сарын өмнө байрандаа орсон Мэдээж анх удаагаа орж байаа болохоор 6 хувьд багтах байх гэж бодсон боловч харамсалтай нь хамрагдах боломжгүй гэлээ. Үнэхээр хэцүү байна Бид анх удаагаа л байртай болж байгаа залуу гэр бүл төрийн албан хаагчид шүү дээ ийм асуудалтай гэр бүлүүд байвал бүгдээрээ нэгдэцгээе

zochin (зочин)

shal hudlaa barilgiin companiud 100000 ailiin neren door zubshuurul abchihaad bairaa vnetei zarj bn shde ene tal deer arga hemjee abbal taarna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)