BMWAREZ BLOG : Ц.Ууганбаяр /Шулмийн инээд/ /Хар цэцэг 3-1-р хэсэг/

ХАР ЦЭЦЭГ

I ХЭСЭГ

... Бороо цутгаж байв. Зуны улирал атал цаанаа л нэг жиндүүхэн бөгөөд гудамжаар холхих хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ?

...Хаа сайгүй замын түгжрээ, уурлаж хашхичсан жолооч нарын дуу бүр дээд цэгтээ хүрч бие бие рүүгээ чанга чанга зандарна. Зэвхий тэнгэрээс цутгах их усан дуслууд хэзээ ч дуусч дундрахгүй нь уу гэлтэй цутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярладаг байтал энэ удаа шал эсрэгээрээ. Бүгд л айдас түшүүр ямар нэгэн бухимдалд автжээ. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан эх тав орчим насны болов уу гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр энэрэлгүй зодож бахируулах нь өртөв. Ийм залуухан, бас давгүй царайлаг энэ туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ер алга аа. Энэ хүйтэн борооноор нимгэн хувцасласан жаахан хүү ээж ээ хэмээн аврал эрэн сарвалзаж газар хэвтэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшигчих нь Сэлэнгээд аргагүй аймшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс “Хүүгээ зодож байгаа эх бидэнд ямар ч хамаагүй” гэж үзсэн үү эсвэл бүр анзаарсан ч үгүй юу ямартай ч огтхон ч эмзэглэсэнгүй, бүр тоож ч харсангүй. Өнөөдөр чинь энэ хүмүүс ер нь юу болчихоо вэ? Сэлэнгээ өөрийн эрхгүй амандаа ийн дуу алдаж энэ асуултанд нь хэн нэгэн хариулчих юм биш байгаа гэсэн шиг орчин тойрноо горьдлогын нүдээр харан бүлтгэнэж, алхааныхаа хурдыг улам түргэсгэлээ. Ийнхүү Сэлэнгээ цаашаа алхсаар орон сууцнуудын дунд ороод ирлээ. Тэрээр нэгэн угсармал есөн давхар байшингийн булан тойрох агшинд 26 орчим насны л болов уу гэмээн өөрийнхөө үеийн нэг бүсгүйтэй мөрөөрөө мөргөлдчихөв. Гэтэл тэр үл таних бүсгүй Сэлэнгээг амаа ч нээж амжаагүй байхад хараалын үгээр булж гарах нь тэр.

“Нүд нь ширгэж сохойсон үрчгэр амьтан минь. Наад хоёр цэхрээ сайн нээгээд замаа хараач”гэж тодхон хэлээд цаашаа амандаа элдвийг бувтнан явж одлоо. Үнэндээ түүний юу гэж үргэлжлүүлэн хараахыг ч Сэлэнгээ сонсохыг хүссэнгүй. Амьдралдаа анх удаа л хүнд ингэтлээ доромжлуулсан шиг санагдаж байсан ч энэ дайралтын эсрэг өөрийгөө хамгаалсан ганц ч үг хэлсэнгүй, эргэж ч харалгүй ум хумгүй гүйчихлээ. Бороо улам хүчтэй ширүүссээр. Энэ нь хүмүүсийн уур бухимдлыг бүр ч их нэмэгдүүлж байгаа гэлтэй хаа сайгүй л хялалзаж цэхэлзсэн хүмүүс хараалын үгс шидлэн холхилдоно. Энэ хүмүүсийн дунд ядаж шүхэр барин тайван алхах хүн ч алга. Хувцас нь нэвт норж бүр тогтохын аргаргүй болсон мэт харагдах авч хөмсгөө зангидан ярвалзан алхлаад л...

Тайван явах ямар ч арга алга аа. Энэ муу ео шингэсэн гэлтэй усан бороо ямар нэгэн муу зүйл зөгнөөд амьдралыг нь орвонгоор нь эргүүлж там болгон хувиргах гэж байгаа юм шиг л Сэлэнгээд санагдах нь тэр. Энэ бодолтой нь зэрэгцэн ар нуруугаар нь аалз гүйх шиг болж өөрийн эрхгүй дотор нь арзасхийв. Сэлэнгээ энэ мөчид өөрийн амьдардаг танил дотно болсон орон сууцаа харахыг тэсгэлгүй хүсэх авч гэртээ хүрэх хараахан болоогүй байлаа. Хурдхан гэртээ харьж энэ замбараагүй, зэвүүн, муу ёр зөгнөсөн орчноос ангижирч зурагтаа үзэхсэн гэдэг бодол түүнийг бүр хурдан алхахад, магадгүй бүр гүйхэд хүргэх аж. Дахин нэг байшингийн булан тойрон эргэлээ. Гэтэл Сэлэнгээгийн нүдэнд эрхгүй нэгэн зүйл өртсөн нь гартаа ганцхан ширхэг улаан сарнай атгачихсан, гүн цэнхэр өнгийн костюмтай залуу байлаа. Залуугийн царай цонхигор зэвхий бөгөөд цэнхэр костюмтай зогсох түүний гарт нь байгаа улаан сарнай нэг л зохицохгүй харагдана. Энэ үл таних залуугийн Сэлэнгээгийн нүдэнд ялгарч өртсөн хамгийн гол шалтгаан нь бүх хүмүүс уурлаж дүнсийсэн байхад ганцаархнаа инээмсэглэж байсан явдал. Гэхдээ энэ цонхигор залуугийн хүйтэн инээмсэглэл Сэлэнгээд огтхон ч сайхан сэтгэгдэл төрүүлсэнгүй. Уг нь энэ олон уурлаж бухимдсан хүмүүсийн дундаас ядаж ганц ч гэсэн инээмсэглэсэн царай олж харсандаа баярлаж байх ёстой атал тэгсэнгүй. Ердөө л сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа, өөрт нь үл ойлгогдох айдсыг нь харин ч бүр хөглөөд ирэх шиг. Яагаад энэ залуу инээмсэглэж байгаа хэрнээ ийм муухай таагүй сэтгэгдэл төрүүлнэ вэ?


Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад үргэлжлүүлэн өөртэйгөө бодлоороо ярилцлаа. ... Уг нь өчигдөр, уржигдар за ер нь тэрний урдах бүх л өдрүүдэд өөрөөр хэлбэл хэвийн өдрүүдэд тайван инээмсэглэн алхаж байгаа хүмүүсийн дунд уурлаж бухимдсан хүн таагүй сэтгэгдэл, цаашлаад айдас төрүүлдэг бол энэ удаад яг эсрэгээрээ үйлчилж байгаа нь энэ үү? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд уурласан царай гаргахгүй бол бусдыг айлгачихдаг байх нь.

Энэ чинь тэгэхээр юу гэсэн үг вэ? Уурлаж бухимдсан хүмүүсийн дунд ууртай царай гаргаж, инээмсэглэсэн хүмүүсийн дунд бол инээгээд бай гэсэн үг үү. Тэгвэл ердөө л бусадтай ижилхэн биш байгаа тэр байдал л айдас төрүүлдэг байх нь. Яг л амьд хүн үхсэнээсээ айдаг шиг. Үхсэн нь амьдаасаа ялгаатай учраас амьд хүмүүс түүнээс айж, сэжиглэж, цэрвэдэг. Бүр тэгээд үхсэн нэгийгээ босоод ирэх вий гэсэн шиг авсанд хийж таглаад газар доор булж дээрээс нь цементлэдэг. Тэгвэл яг үүнтэй адилаар үхсэн нь амьдаасаа айдаг... За биш юм аа. Үхсэн хүн гэдэг бол айх, баярлах мэдрэмжээ алдсан юу ч мэдрэхгүй болсон тийм л нэг цогцос шүү дээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Үхэгсдийн эсвэл цаашлаад сүнснүүдийн ертөнц гэж байдаг ч юм билүү.Тэгээд л магадгүй хэн нэгэн амьд хүн ямар нэгэн байдалаар тэр газарт нь оччих юм бол үхэгсдэд эсвэл сүнснүүдэд айдас төрүүлэх нь дамжиггүй. Сэлэнгээ ингэж бодсоноо жихүүцэж орхив. Юун ч дэмий юм боддог юм бэ дээ гэж өөртөө дуулдах төдий шивнэн алхааныхаа хурдыг жаахан сааруулав. Сэлэнгээ ингэж бодол болон алхаж байхдаа өнөөх цэцэг барьсан цэнхэр костюмтай этгээдээс нүднийхээ харцыг огтхон ч салгаж чадахгүй байсан билээ. Учир нь тэр залуу руу ойртох тусам царай нь тодрон харагдаж тэр нь эрхгүй сонирхол татахуйц байсан ажээ. Залуугийн том алаг нүдний нэг нь долир байх бөгөөд энэ нь мөлчгөр цонхигор царай, спорт маягийн тачирхан үсэнд ердөө ч зохицохгүй харагдана. Яг л хаа хамаагүй хүмүүсийн нүд, шүд, үс чих, царай төрхийг нь цуглуулаад нэг хүн болгоод эвлүүлчихсэн юм шиг. Товчхондоо бол тэр залуу яг л эвлүүлдэг тоглоом гэлтэй. Тэр тоглоомыг хэн нэгэн этгээд маш сайн эвлүүлчихсэн юм шиг.Тэр үл таних залуу Сэлэнгээ рүү л ширтэн хараад инээгээд байгаа юм шиг атлаа үнэн хэрэг дээрээ Сэлэнгээ дээр тэр залуугийн харц тогтохгүй байлаа. Магадгүй Сэлэнгээгийн биед байгаа тэр нь өөрт нь харагдахгүй байгаа тийм зүйлийг энэ цэнхэр костюмтай залуу олж харчихаад инээгээд байх шиг. Сэлэнгээгийн алхаа бүр удааширч зүрхнийх нь цохилт мэдэгдэхүйцээр түргэсээд иржээ. Энэ залуу руу ингээд л дөхөөд байх нь зөв үү буруу юу эсвэл бүр тойроод гүйчих үү. Ядаж байхад энэ залуу яг гэр хүрэх замд нь тааралддаг хүүхдийн тоглоомын талбайн сандал дээр суучихсан инээж байгааг ч хэлэх үү. Бас тэр гартаа барьсан ганц ширхэг нүцгэн сарнай нь энэ эцэс төгсгөлгүй цутгах бороонд цохигдож шалчийсан шинж ердөө ч алга. Ер нь л энэ залуугийн бүх эд эс нь нэг л ойлгомжгүй, ганцхан үгээр хэлбэл нэг л авцалдахгүй байв.

Сэлэнгээ гайхаж эргэлзсэн бас айсан бодолдоо автан аажмаар алхсаар нэг л мэдэх нь ээ өнөөх залуу руу нэлээн дөхөөд иржээ. Гэтэл өнөөх цэнхэр костюмтэй долир залуу сууж байсан сандлаасаа өндийн инээмсэглэсээр Сэлэнгээ рүү ойртов. Ингэнэ гэж санаагүй Сэлэнгээ давхийн цочсоноо айдастайгаа тэмцэж хэвийн байдлаа хадгалахыг хичээж эхэллээ. “Орчин тойронд нь уур уцаартай л болохоос биш өч төчнөөн хүмүүс явж байхад энэ долир залуу яав л гэж” хэмээн өөртөө хэлж тайвширахыг хичээнэ. Гэхдээ энэ залуугийн нэг л юм аргагүй эгдүүцэм зэвүүн санагдаад байгаа нь цонхигор нүүрэндээ тодруулаад байгаа хүйтэн инээмсэглэл нь байлаа. Инээмсэглэл ч гэж дээ. Инээмсэглэл гэдэг бол хүмүүст хөгжилтэй, аз жаргалтай байгааг илэрхийлдэг илэрхийлэл болохоос биш айдас төрүүлдэг мушийлт биш шүү дээ. Гэхдээ бас энэ залууг зүгээр л нэг мушийсан гэж хэлэхэд бас болохгүй. Ядаж байхад энэ орчин тойрон тэр аяараа гунигт автах мэт дүнсийн сааралтаж муу ёр зөгнөсөн гэлтэй зуны хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутган гудамжинд явах хүмүүс ууртай ярвагар царайгаар нүүрээ чимэглэсэн байгаа нь Сэлэнгээгийн сэтгэлийг хямраах хангалттай шалтаг болж байлаа.

Инээмсэглэсэн долир залуу Сэлэнгээгийн өмнө тулж ирээд өнөөх гартаа барьж байсан улаан сарнайгаа түүнд барив. Гайхшруулж бас жихүүцүүлмээр энэ үйлдэл нэг л муу ёр зөгнөх шиг л Сэлэнгээд санагдана. Сэлэнгээ цэцгийг авахыг тэгтлээ их яарсангүй. Харин өнөөг хэр нь инээсээр байгаа цэнхэр костюмтай долир залуу руу асуусан харцаар ширтэв. Бороо улам хүчтэй асгарсаар. Залуу юу ч хэлсэнгүй зүгээр л цэцгээ түүн рүү сарвайсаар зогсоно. Сэлэнгээ ямар нэг зүйл асуух гэснээ больж энэ залуугаас хурдхан салж гэртээ харихын түүс


болжээ. Тэгээд шууд л цэцгийг аваад гүйж одлоо. Эргэж ч харсангүй, хурдхан гэртээ ороод энэ толгой өвтгөсөн дүнсгэр орчноос салахсан гэхээс байж ядна. Сэлэнгээгийн санаанаас саяын залуу гарсангүй.Ялангуяа тэр долир нүд, хүйтэн инээмсэглэл. Бас тэр өмсчихсөн гүн цэнхэр өнгийн костюмийг нь өөр хэн ч хэзээ нэгэн цагт өмсөж байсан нь Сэлэнгээгийн санаанд буухгүй байв.Ингэж бодмогцоо Сэлэнгээгийн царай гэнэт барайгаад зогтусах нь тэр ээ. Тийм ээ, тэр залуугийн өмссөн тэр гүн цэнхэр өнгийн костюм нь огтхон ч нороогүй байсан. Үүнийг нь тухайн үедээ ажиглаж байсан ч яагаад гайхаагүй өнгөрчихсөн юм бол оо? Сэлэнгээ өөрийн эрхгүй эргэн харлаа. Өнөөх цэнхэр костюмтай залуу аль хэдийн алга болжээ. Түрүүхэн тоглоомын талбай дээр сууж байсан ямар ч ул мөр алга. Харин тэр долир нүдтэй залуугийн үнэхээр байсан гэдгийн баталгаа болсон улаан сарнай Сэлэнгээгийн гарт үлдэж хоцорчээ. Хавь ойрд холхиж байгаа хүмүүсээс цэнхэр костюмтай долир нүдтэй залууг хаашаа явсныг асуух гэсэн боловч яахаас ч буцахгүй шинжтэй ууртай хүмүүс рүү харж чадсангүй орц руугаа орлоо. ... Орц хав харанхуй байлаа. Уг нь дандаа л гэрэлтэй байдаг энэ орцны бүх гэрэл нь яагаад ингээд унтарчихсан байдаг билээ. Цахилгааны ямар нэгэн саатал гарсан эсвэл нэг сайн эр орцны жижүүрийн азгүй байх чөлөөнөөр сэм орж ирээд бүгдийг нь дэлсэж орхио юу. Хэн мэдлээ, ямартай ч орц ямар ч гэрэлгүй харанхуй байлаа. Сэлэнгээгийн орц руу орох агшинд сүүмэлзэж байсан оройны нар ямар нэгэн чөтгөрөөс айгаа юу гэлтэй хэзээ ч мандаж байгаагүй юм шиг жаргачихаж. Нар ийм хурдан бас огцом жаргаж, уулын цаагуур далд орчихож байсныг Сэлэнгээ ердөө ч санахгүй байв. Тэрээр энэ харанхуй орцонд гар утасныхаа гэрлийн тусламжтйагаар шатанд бүдэрчихгүйхэн шиг болгоомжтой өгсөж явлаа. Одоо дахиад хоёрхон давхар өгсчихвөл тэрээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирэх байв. Түүний гэр нь таван давхарт байдаг бөгөөд ямартай ч эхний гурван давхрыг давчихжээ. Гэртээ орох хүртэлх энэ хоёр давхар шатанд Сэлэнгээг юу ч хүлээж байж мэдэх юм шиг түүнд санагдана. Гар утасных нь гэрэл ойр ойрхон унтарч орц тэр аяараа харанхуй болоход Сэлэнгээгийн хамаг биеэр нь хүйтэн цус гүйх шиг болж түргэхэн шиг утасныхаа аль нэг товчлуурыг даран дахин гэрэл асаана. Утасныхаа гэрлийг шат өөд тусган аажимхан нэг хоёр гишгэн дээш өгсөж байснаа санамсаргүй өмнөх замаа харахад дөрвөн давхарт нэг этгээд харанхуй булан руу нүүрээрээ шигдэн зогсож байх нь тэр. Сэлэнгээ золтой л хашхирчихаагүй ч айсандаа хамаг бие нь тогонд цохиулж байгаа юм шиг татвасхийснээ хойшоо хэдэн алхам ухарчээ. Энэ үед гар утасных нь гэрэл ахин унтрав. Сэлэнгээгийн нүүрээр хүйтэн хөлс дааварлан шатаар үргэлжлүүлэн дээш өгсөх нь зөв үү гэсэн бодол толгойд нь урган гарч ирлээ. Саяын нүдэнд өртдөг хэн эсвэл юу байсан бэ? Сэлэнгээ өөрөөсөө ийн асуугаад утасныхаа гэрлийг дахин асаааж харлаа. Харин одоо бол түрүүний буланд шигдэн хойшоо харан зогсож байсан өндөр биетэй хүн алга болжээ. Магадгүй өөр нэг булан руу шилжиж зогсоод өөрийг нь алахаар тож байгаа ч юм билүү гэж бодсоноо утасныхаа гэрлийг тусган дөрвөн давхрын бүх булан тохойг нүдээрээ нэгжин харлаа. Нүдэнд нь юу ч өртсөнгүй. Сэлэнгээгийн дотор жаахан ч гэсэн уужрах шиг болж дээд давхар луу гүйчихэв. Уг нь одоо ганцхан давхар үлдсэн юм чинь юухан байх вэ. Замд юу ч тааралдсан бай нүдээ аниад л гүйчихье гэж шийджээ. Чулуун шатан дээр товор товор хийлгэн гишгэлсээр дээшээ өгсөх Сэлэнгээгийн хөл доор гэнэт ямар нэгэн “өөр” зүйл гишгигдэх нь мэдрэгдлээ. Тэгмэгц шууд л Сэлэнгээгийн толгойд “Энэ чинь юу вэ, хүн байсан уу?”гэсэн бодол төрж хамаг цус нь толгой руу нь юүлэгдэх шиг болов. Сэлэнгээ эргэж ч харсангүй гүйсээр гэрийнхээ үүдэн дээр иржээ. Гэр оронгүй гудамжны хүн унтаж байсан юм болов уу. Тэгвэл ядаж дээрээс нь хүн гишгээд гарахад дуугармаар юм. Тэгэхдээ бүр өсгийтэй гутлаар шүү. Эсвэл бүр үхсэн хүн байв уу? Хэн мэдлээ. Ямартай ч хэн ч юу ч байлаа гэсэн тийм ч таатай биү учраас хурдхан шиг гэртээ орох минь гэсэн бодол нь Сэлэнгээг хаалгаа ухаан жолоогүй балбахад хүргэжээ. Нэлээд хэдэн удаа хүчтэй цохисон боловч хэн ч хаалга тайлж өгсөнгүй. Чимээ аниргүй, нам жим байдал энэ харанхуй орцонд ноёрхож байгаа нь Сэлэнгээг бүр тэсэхийн аргагүй айдаст автуулж байлаа. Тэрээр гэнэт нэг зүйлийг олж мэдмэгцээ огло үсрэн хаалганаас холдов. “Чөтгөр авмар. Би орцоо андуурчээ” хэмээн Сэлэнгээ өөртөө хэлээд яахаа мэдэхгүй бүр хөшиж орхилоо. Одоо яах билээ. Саяын ирсэн замаараа буцаад буух хэрэг үү, хэдий бууж болох хэдий ч саяхан хөл доор нь гишгэгдсэн хүн эсвэл өөр ямар нэгэн амьтан яах бол гэхээс хамаг бие нь салганан чичирхийллээ. Одоо яана аа.Сэлэнгээгийн нүднээс нулимс асгаран хацарт нь халуун зам татуулан урсаж байгааг тэрээр өөрөө мэдэрсэнгүй. Зөвхөн одоо яаж эндээс гарах вэ гэсэн


бодол хамаг оюун ухаан, бие сэтгэлийг нь эзэмдэж түүнийг нь дагаад бүх цусаар нь айдас тархжээ. Түрүүний гадаа тааралдсан цэнхэр костюмтай этгээдийн бэлэглэсэн ганц ширхэг сарнай өнөөг хүртэл түүний гарт байсаар байгааг энэхэн хугацаан Сэлэнгээ түр мартагнаад байлаа. Сэлэнгээ яахаа мэдэхгүй айж эргэцүүлэн зогссоор. Аз таарч хэн нэгэн айлын хаалга нээгдэж доош хүн буувал хамт гарчихъя гэж бодоод харанхуй орцны хананд нуруугаараа наалдан хэн нэгнийг хаалгаа тайлан гарахыг хүлээв.Гэсэн ч арваад минут өнгөрсөн хэдий ч хэн ч хаалга тайлсангүй, бүр ямар ч чимээ гарсангүй. Сэлэнгээ яах ч аргагүй доошоо буулаа. Өнөөх ойртож ирээд утасныхаа гэрлийг тусган хартал нүдэнд нь юм өртсөнгүй. Тэгмэгц нь сэлэнгээ доогоо яаран гүйлээ. Энэ үед харанхуй орцонд түүний гүйх хөлийн чимээнээс өөр ямар ч зүйл сонсогдсонгүй. Ядаж байхад гадаа ч гэсэн машины явах, сигналдах, өөр ямар нэгэн юмны чимээ гарахгүй байгаа нь ганцаараа үлдээ юу гэлтэй бороо цутган асгарах чимээнээс өөр юу ч түүний чихэнд сонсогдсонгүй.

Сэлэнгээ арайхийж сая нэг юм орцноос гарч чадлаа. Гадаа харуй бүрий байдал ноёрхож байх бөгөөд түрүүний дотор жихүүцүүлэм хүйтэн бороо зогсох янзгүй цутгасаар л. Хүмүүсийн хөл хөдөлдгөөн бүр татарчээ. Борооноос айсан уу, эсвэл бүгдээрээ аль нэг тийшээ алга болчихоо юу ямартай ч Сэлэнгээгийн нүдэнд юу ч өртсөнгүй. Цахилгаан тасарсан бололтой. Учир нь тэр хавийн орон сууцнуудын цонхноос асаалттай байгаа нэг ч гэрэл харагдсангүй. Сэлэнгээ орц руугаа гүйж орлоо. Өөрийн нь бас л гэрэлгүй харанхуй байгаа ч тэрээр энэ удаад торсонгүй. Зүрх нь хурдан хурдан цохилж бүх эд эсээр нь айдсын мэдрэмж тархаж байсан ч асар их зориг тэвчээр гарган зогсолгүй бас эргэж харалгүй гүйсээр гэрийнхээ хаалганы өмнө тулж ирлээ.

..... Харанхуй орцонд “тог тог”хийн модон хаалга тогших чимээнээс өөр юу ч сонсогдохгүй

аж. Сэлэнгээ гэрийнхээ хаалгыг хэд хэдэн удаа үргэлжлүүлэн тогшсон ч хэн нэгэн хаалгыг нь тайлсангүй. Тэрээр гэртээ нөхөр бас нөхрийнхөө ухаан нь доройтож өтөлсөн өндөр настай эмээтэй нь хамт гурвуулаа амьдардаг билээ. Сэлэнгээ ийнхүү хаалгаа тайлахгүй байсаар байгаад нь гайхасхийж нөхрөө одоо болтол гэртээ ирээгүй юм байна гэж бодов. Гэхдээ яагаад эмээ нь хаалга тайлахгүй байгааг ойлгосонгүй. Гэрээсээ хэзээ ч гардаггүй хөгшин хүн энэ усан борооноор гадагшаа бүр хамраа ч цухуйлгахгүй нь ойлгомжтой. Тиймээс эмээ унтсан, эсвэл хаалга тогшихыг сонсохгүй байгаагийн аль нэг нь болж таарлаа. Сэлэнгээ ингэж бодмогцоо цүнхнээсээ гэрийнхээ түлхүүрийг хайн ухаж эхлэв. Харанхуй орцонд түлхүүрээ хйаж олоод түүнийгээ түлхүүрийн нүхэнд шургуулж хийнэ гэдэг тийм ч амар ажил биш бөгөөд тэрээр ингэж түлхүүрээ хайх үелээ гартаа өнөөх сарнайг атгасаар байгаагаа сая анзаарлаа. Тэр цэцэг нь гарт нь саад болж байсан болохоор хаячих гэснээ больчихов. Яагаад ч юм энэ цэцгийг хаяна гэдэг Сэлэнгээд нүгэл хийсэнтэй ялгаагүй санагдаад хаяж түвдсэнгүй. Сэлэнгээ цэцэг барьсан гараараа түлхүүрээ эрж олоод түвэггүйхэн шиг нүхэнд нь шургуулж чадлаа. Хаалга ч амархан нээгдэж Сэлэнгээ дотогшоо оров.

... Гэрт хав харанхуй бас чимээ аниргүй. Энэ хоёр өрөө орон сууцанд амьд хүн байгаа шинж ер алга аа. Сэлэнгээ харанхуйд хаалгаа дотроос нь сайтар түгжсэнийхээ дараа юмыг яаж мэдэхэв гэсэн шиг коридорын гэрлийн унтраалгыг дартал гэрэл мэлсхийн асах нь тэр. Сэлэнгээ бүр гайхаж орхилоо. Уг нь цахилгаан тасраагүй л байсан байна шүү дээ. Гэтэл энэ үед эмээгийн нь байдаг жижиг өрөөнд хэн нэгний шаахайгаа чирэн нэг хоёр алхлах чимээ гарахад тэрээр эмээгээ мөн байна гэдгийг таньжээ.

Эмээ гэж дуудсан ч Сэлэнгээгийн дууг сонсоогүй бололтой хариу өгсөнгүй. Эмээ гэртээ байсан хирнээ яагаад одоо болтол гэрлээ асаадаггүй байна аа. Уг нь өдийд гэрлээ ч зурагтаа ч асаагаад суучихсан байдагсан. За яахав эмээ гэрлээ асаахаа мартжээ гэхэд яагаад бусад айлууд энэ харанхуй болсон үед гэрлээ асаадаггүй байна аа? Сэлэнгээ ийн бодсоор нойтон гадуур хувцасаа тайлж өлгүүрт тохоод том өрөөнийхөө хаалгыг нээж дотогшоо ормогцоо гэрлээ асаалаа. Танил дотно болсон гэрийн нь тавилга эд хогшил түүний нүдэнд өртөж үгээр илэрхийлж барамгүй баяр баясал, тайвшралыг эзэндээ бэлэглэх нь тэр. Гэрийн танил дотно болсон орчин, тавилга хэрэгсэл хүний сэтгэлд ийм сайхан мэдрэмж төрүүлдэг ажээ. Сэлэнгээ нэг их гүнзгий амьсгаа аваад том өрөөнийхөө хөшигний завсраар хармагцаа дахин цочих шиг болж түрүүнийхээ айдаст дахин автав. Хөрш зэргэлдээ орон сууцнуудын гэрэл унтраалттай хэвээрээ байжээ. Уг нь Сэлэнгээ гэртээ орж ирээд унтраалга дарах тэрхэн агшинд цахилгаан тасарсан байснаа иржээ гэж дотроо бодож байсан атал энэ нь тийм биш байсан нь ойлгомжтой


болох нь тэр. Яагаад, яагаад энэ олон айлуудын ядаж ганц нь ч гэрлээ асаадаггүй билээ. Сэлэнгээ энэ бодлоосоо айгаад цочих шиг болжээ. Манай гэрийн цахилгаан тасраагүй байгаа болохоор бусад айлынх ч ялгаагүй байлтай. Эсвэл цөмөөрөө унтчихсан хэрэг үү, за үгүй дээ. Бүгдээрээ нэгэн зэрэг ингээд унтчихна гэдэг байж боломгүй зүйл. Эсвэл бүгд гэртээ байхгүй байх нь. Хаа нэг тийшээ бүгдээрээ хамтдаа гэрээ орхиод явчихаж. Зөвхөн Сэлэнгээг өтөлж доройтсон бие муутай эмээтэй орхиод бүгд ямар нэгэн зүйлээс айгаад аль нэг тийшээ ум хумгүй арилаад өгөх нь энэ үү?

Сэлэнгээ үнэхээр тэвчсэнгүй. Дахиад л бүх бие, сэтгэлийг нь айдас эзэмдэж хацрыг нь даган нулимс урсаж эхлэв. Түрүүний гудамжинд таарсан гүн цэнхэр өнгийн костюмтай, эвлүүлдэг тоглоом шиг долир залуу түүний санаанд орж өмнө нь хэзээ ч түүн шиг тийм хачин хүнтэй таарч байгаагүйгээ саналаа. Бас түүний өмссөн тэр хачин өнгийн хувцас бороонд норсон шинж ердөө байгаагүй. Энэ нь хэдий зөвхөн өөрт нь л тэгж санагдсан байж болох хэдий ч үнэндээ тийм биш гэдгийг Сэлэнгээ зөнгөөрөө мэдэж байх шиг. Сэлэнгээ гэнэт энэ зүүд биш байгаа гэж бодмогцоо хацраа чангахан чимхээд авлаа. Өвдөж байна гэж жигтэйхэн. Тиймээс сэрүүн байна аа. Бас түрүүний тэр эвлүүлдэг тоглоом шиг хачин эрийн өгсөн сарнай цэцэг буйдан дээр тавьсан цүнхтэй нь хамт өөрийг нь хүлээх мэт гулдайн хэвтэнэ. Сэлэнгээ цэцгийг авч өөр амьд цэцэг хийсэн устай шилэн саванд хамтад нь хийлээ. Сэлэнгээ тайвширч чадсангүй. Яг л харь гарагт ганцаараа төөрч ирээд тэндээ үүрд хоригдож байгаагаар өөрийгөө төсөөлж байх нь тэр. Цонхныхоо ойр орчмоор ойрхон ойрхон эргэлдэж нүднийхээ булангаар гэрэл нь асаалттай тасалгааны цонх хайх хэдий ч байдал өөрчлөгдсөнгүй. Уг нь энэ бүхнийг тохиолдол гэж үзээд зүгээр л зурагтаа асаагаад нөхөр лүүгээ утсаар ярих хэрэгтэй гэж өөртөө хэлж байсан ч энэ бодолдоо эзэн болж чадахгүй л байв.Ер нь л энэ олон айлуудын ядаж нэг нь гэрлээ асаахгүй бол огтхон ч тайвширч чадахгүйгээ л тэрээр сайн мэдэж байв. “Алив алив ээ ядаж зурагтаа ч гэсэн асаагаад бага ч атугай сүүмгэр гэрэл гаргаадахаач дээ” Сэлэнгээ энэ үгийг өөртөө бүр сонсогдохуйцаар чанга хэлжээ. Тэгмэгцээ гэрийнхээ халаадыг авч одоо болтол даардас нь арилаагүй байгаа хүйтэн биен дээрээ эгэлдэргэллээ. Түүний бүр голд нь хүйт орсон байгаа ч ядаж өөртөө халуун цай аягалахыг завдсангүй. Зүгээр л гараа элгэндээ зөрүүлж цонхныхоо өмнүүр нааш цааш холхино. Сэлэнгээ үнэндээ яахаа мэдэхгүй байсан билээ. Тэрээр чухам энэ л үед хүн хүнээрээ дэндүү их дутдагийг ёстой л голдоо ортол мэдрэх шиг. Бага байхдаа ууланд дүүтэйгээ нуугдаж тоглоод дүүгээсээ бүр хол зугтаж байсан нь Сэлэнгээгийн санаанд оров. Тэгээд л тэр холоос дүүгээ сэмхэн харж яахыг нь сонирхон нуугдаж байсансан. Тэгэхэд түүний дүү Ганболд нь дөнгөж л найман настай байж билээ. Эгчийгээ хайж нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйж байснаа удалгүй түүний тэр жаргалтай гэнэн инээд нь ор мөргүй арилчихсан. Дараа нь бүр нүүрэнд нь айж сандарсны шинж тодхон харагдаж “эгч ээ та гараад ирээч” гээд л хоолойныхоо чадлаар хашхирч эхлэхэд нь Сэлэнгээ бүр ч их баярлаж хөөрч байсан. Ёстой л нэг маш сайн нуугдаж чадлаа шүү гэж өөрөөрөө бахархаад л, чанга инээхгүйн тулд алгаараа амаа таглаад л. Тэгсэн чинь харин дүү нь удахгүй уйлж эхэлсэн. Тэр үед Сэлэнгээ хэдий арван хоёр нас хүрч байсан ч дүүгээ чухам яагаад уйлсныг нь ойлгоогүй. Дүүгээ уйлаад зогсохгүй болохоор нь нуугдаж байсан газраасаа гардаг ч юм билүү гэж бодсоноо дахиад жаахан гүрийе гэж шийдээд азнасан. Тэгтэл дүү нь уйлахаа болих нь бүү хэл эхэр татаж эхэлснээ ухаан алдаад уначихаж билээ. Тэр үед Сэлэнгээ үнэхээр дүүгээ яагаад тэгж их айгаад бүр ухаан алдаж унасныг ойлгоогүй. Харин одоо л тэр үеийн дүүгийнхээ айдсыг уинхэнэ утгаар нь ойлгох шиг, бас мэдрэх шиг болж байв. Хэн ч байхгүй энэ хорвоо дээр орь ганцаархнаа үлдчихлээ гэсэн айдас. Тиймээ энэ айдас л ертөнцийн өч төчнөөн айдсуудаас хамгийн тэргүүнд тавигдах нь дамжиггүй гэж Сэлэнгээ дотроо бодно.

Хүн үхэхээс айдаг. Яагаад үхлээс айдаг нь ойлгомжтой. Үхэл гэдгийг мэдэхгүй болоод л тэр. Үхээд амилсан хүн гэж байдаггүй. Хэрвээ хүн үхээд эргээд ирж болдог бол үхлийн нууц тайлагдаж үхлийн тухай айдас айдас биш болчихно шүү дээ.

Үхлээс айдгийн гол шалтгаан бол өөрийн олон жилийн турш танил дотно болсон орчноосоо бүрмөсөн ангижирч байгаа явдал бөгөөд ингэснээр орь ганцаархнаа болж бусдын амьдралаас тусгаарлагдах явдал биз. Сэлэнгээгийн толгойд өөрийн эрхгүй ийм бодол эргэлдэх аж. Гэхдээ яг одоо бол Сэлэнгээгийн сэтгэлд төрж байгаа айдас нь үхлийн тухай айдсаас ч бүр долоон дор юм. Тэр айдас бол мэдээж энэ ертөнцөд ганцаараа амьд үлдэх. Тиймээ.... ганцаархнаа, бусад


нь яасан нь мэдэгдэхгүй аль нэг тийшээ явахад түүнийг нь мэдэлгүй үлдчихнэ гэдэг аймшигтай. Энэ хэдий байж боломгүй гэлээ ч үнэхээр тийм бол яана аа гэсэн бодол Сэлэнгээгийн санаанаас гарахгүй зовоосоор. Тэр үед айснаасаа болоод ухаан алдаж байсан дүүгээ одоо бодоод бүр маш их өрөвдөх шиг л боллоо. Тиймээ яг л орь ганцаархнаа үлдчихсэн юм шиг. .... Гэрт ханын цагны чаг чаг цохилохоос өөр ямар ч чимээ аниргүй хэвээрээ. Сэлэнгээ гэртээ орж ирснээс хойш бүр нэг цаг гаран өнгөрчээ. Хамаг бие сэтгэлийг нь айдас жихүүдэс эзэмдээд ухаан нь өнгөрөн одсон руу бэдчин тэнүүчлээд цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг анзаарсангүй бололтой. Сэлэнгээгийн харц цонхноосоо салж чадахгүй байгаа хэвээр. Ядахад энэ хугацаанд машин яваа нь ч харагдсангүй, бүр машины гэрэл хаа нэгтээ ёлтойх ч үзэгдсэнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам л айдас нь нэмэгдэж бүр галзуурахад хүрээд байгаа Сэлэнгээ энэ үед өөдөөс нь харсан есөн давхар байшингийн хамгийн дээд давхрын бололтой цонхоор гэрэл тусахыг харлаа. Сэлэнгээ баярласандаа золтой л ура хашхираагүй билээ. Гэвч харамсалтай нь түүний энэ баяр тэгтлээ удаан үргэлжилсэнгүй. Удалгүй асаалттай цонхны цаана хэн нэгэн хөх өнгийн костюмтай этгээд ирж зогссон нь түүний энэ баярласан сэтгэлийг ор мөргүй замхруулж орхих хангалттай шалтгаан болсон билээ. Өнөөх эвлүүлдэг тоглоом шиг долир нүдтэй хачин залуу. Түүний тэр долир нүд яг Сэлэнгээ рүү инээмсэглэн ширтэж байгаа нь энэ харанхуй орчинд тодоос тод ялгаран харагдлаа. Тэгснээ өнөөх цэнхэр костюмт гараараа Сэлэнгээ рүү дуудах мэт даллах нь тэр. Сэлэнгээ цонхноосоо цочих мэт холдож, тэгснээ буцаж гүйж ирээд ум хумгүй хөшгөө хааж орхилоо.

Сэлэнгээ айснаасаа болоод бүр дагжин чичирч байх нь тэр. “Тайвшир, тайвшрах хэрэгтэй. Энэ бол хэвийн үзэгдэл, бүх юм хэвийн” Сэлэнгээ хэсэг хугацааны дараа өөртөө ингэж хэлээд хөшгөөр халхалсан цонх руугаа эргэлзсэн байртай аажмаар дөхлөө. Тэрээр удалгүй хөшигнийхөө өмнө тулж ирээд нэг үзээрээс нь хумьж атгаад зөөлхөн ярав. Гадаа бороо цутгасан хэвээр бөгөөд түрүүний цонх гэрэлтэй, харин өнөөх цэцэг бэлэглэсэн эр харагдсангүй. Энэ үед мөн л урьдын адил бусад орон сууцнуудын гэрэл асаагүй хэвээр байв. Сэлэнгээ хөшгөө буцааж хаагаад нөхөр лүүгээ ярихаар гар утсаа нээтэл нөхрөөс нь мессеж ирсэн байх нь тэр. “Өнөөдөр яаралтай ажил гараад уулзаж хэлж амжилгүй томилолтоор явах болчихлоо. Хэр удахыг одоохондоо хэлж мэдэхгүй нь. Уучлаарай, чамайгаа үнсье” Энэ мессежийг хараад Сэлэнгээ үнэндээ нүдэндээ ч итгэсэнгүй. Хэзээ ч томилолтоор явж байгаагүй нөхөр нь гэнэт ингээд явчихдаг байжээ. Сэлэнгээгийн нүднээс том том нулимс унаж, нөхөр лүүгээ утсаар холбгдох гэснээ боловч бүтсэнгүй. Тэгээд Сэлэнгээ зурагтаа асаах гэснээ больж дахин цонх руугаа очиж харсан хэдий ч түрүүний ганцаас бусад нь унтраалттай хэвээрээ байлаа. Магадгүй өнөөх цэнхэр костюмт дахин цонхны цаанаас өөр лүү нь даллаж байхвий гэж бодсон ч азаар тийм дүр зураг олж харсангүй. Эсвэл түрүүн зүгээр л хий юм харсан байж болох. Гэтэл хий юм харсан байж болно гэж өөртөө хэлэх нь дэндүү худлаа зүйл гэдгийг Сэлэнгээ сэтгэлийнхээ мухарт мэдэрч байлаа. Гэнэт Сэлэнгээд нэгэн хачин жигтэй муухай зүйл санаанд нь буух нь тэр. Арай тэр эвлүүлдэг тоглоом шиг долир залуу ганцхан манай гэрийн цонхноос гэрэл тусч байгаа болохоор наашаа ирж яваа хэрэг биш байгаа даа. Тийм ээ түрүүн яалт ч үгүй намайг харчихаад гараараа даллаад дуудаж байсан. Тэгээд намайг ирэхгүй болохоор наашаа ирж байгаа юм болов уу? Засмал зам дээр тогтсон шалбаагийг харанхуйд огтхон ч ажралгүй туучиж, зогсоо зайгүй цутгах хүйтэн бороонд гараа өмднийхөө халаасанд хийгээд нүүрэндээ инээмсэглэл тодруулан бээвийтэл алхсаар ирж яваа болов уу?

Сэлэнгээгийн хамаг биеийн шар үс айснаасаа болоод босох нь тэр. Нээрээ тэр долир нүдтэй залуу энд ирж гэмээнэ тийм сайн сайхан зүйл болохгүй нь лавтай. Сэлэнгээ ингэж бодмогцоо хаалганыхаа түгжээг сайтар түгжсэн эсэхийг нягтлахаар үүд рүүгээ дөхөж ирэхэд өөдөөс нь хэн нэгэн хаалга тогших нь тэр. “Тог... тог... тог...” Хоорондоо нэг секунд орчмын зайтай нэгэн хэмнэлээр ингэж хаалга тогших нь аргагүй хачирхалтай байлаа. Сэлэнгээ цочсондоо хойшоо ухран нэг хөлөндөө нөгөө хөл нь тээгэлж бөгсөөрөө шалан дээр уначихав. Сэлэнгээгийн гэрт ингэж зочилж ирдэг найз нөхөд ах дүүс нь өмнө нь хэзээ ч ингэж цохиж байсан нь үгүй бөгөөд нөхөр нь тэр өөрийн гэсэн хаалгаа тогших тусгай хэмнэлтэй байдаг билээ. Сэлэнгээ яахаа мэдэхгүй хаалганыхаа өмнө суусан чигтээ хөшиж орхилоо. Нөхөр маань томилолтоор явна гэсэн болохоор гэнэт ингэж ирнэ гэж байхгүй. Бас миний таньдаг хүн ч биш. Яг саяын өөрийг


нь даллан дуудаж байсан цэнхэр костюмт мөн байх нь. Сэлэнгээ өөртөө ингэж хэлээд хаалга руугаа нүдээ ч цавчихаас айн гөлрөн ширтсээр. Хаалгыг үргэлжлүүлэн цохисон хэвээр байсан бөгөөд Сэлэнгээ хэн бэ ч гэж асууж чадахгүй хөшин зогсож байснаа чухам юу гээд байгаа нь сайн сонсогдохгүй нэг зүйлийг амандаа бувтнах нь тэр.

... Хэр удсаныг бүү мэд. Ямартай ч магадгүй азаар хаалганы цаана байгаа өнөөх этгээд хаалга тогшихоо больжээ. Сэлэнгээ арайхийж нэг юм сэхээ авах шиг болоод нөхрийнхөө эмээг жижиг өрөөнд байгааг санан түүн дээр очихоор алхлаа. -Эмээ та унтаагүй байна уу? .... /Таг чиг/

Сэлэнгээ эмээгийнхээ өрөө рүү гэтсээр тулж ирээд хаалганд нь чихээ наан чагнав. Гэтэл эмээ нь унтаагүй байгаа бололтой, юу нь мэдэгдэхгүй “шол шол” хийсэн чимээ өрөөн дотроос сонсогдож байх нь тэр. Ямартай ч хаалганы гаднаас өрөөнийхөө гэрлийг асаагаагүй байгаа нь тодорхой байв.

Нөхрийн нь энэ өтөлсөн эмээ нэг жилийн өмнө цус харваад хайртай ач хүүгээ бараадан гэрт нь ирсэн нь энэ. Эмгэнийг анх нүүж ирснээс нь хойш Сэлэнгээ хурдхан шиг өөр тийшээ яваасай. Эсвэл зүгээр шулуухан шиг нүд аньчихаасай гэж дотроо үргэлж хүсдэг байхдаа “амьд үхдэл”шиг болж орхисон энэ эмээгээр хэзээ нэгэн цагт хань татна гэж төсөөлсөн ч үгүй явжээ. Энэ өндөр настай эмээ хэдий цус харваснаасаа хойш ярих сонсох чадвар нь эрс доройтсон ч гэсэн ямар ч байсан ач хүү, бэр хоёртойгоо ойлголцож чаддаг билээ. Бас түүгээр зогсохгүй чөөчөгнөн алхаж өөртөө хэрэгтэй идэж уух юмаа олоод авчихдаг, дулаан өдөр гараад орцны үүдэн дээр хэдэн минут нарлаад суучихтайгаа.

Сэлэнгээ өрөөн дотор ортол эмээ орон дээрээ суучихсан үргэлж орныхоо хажууд байдаг жижиг ширээ рүүгээ тонгойсон байгаа нь бүдэг бадаг харагдав. Сэлэнгээ хана дагуулж гараараа тэмтрэн өрөөний гэрлийг асаагаад орчин тойрныг тодоос тод харлаа. Гэтэл эмээ нь хоёрдугаар хоол хийдэг пял тавганд хальтал нь ус дүүргээд дотор нь хэрчсэн түүхий мах хийсэн байв. Уснаас ямар ч уур гарахгүй, мах нь түүхий улаанаараа нялцайн харагдаж байгаагаас үзэхэд эмээ зүгээр л крантны хүйтэн ус пял тавгандаа хийж авсан бололтой. Эмээ өрөөнд Сэлэнгээг орж ирэхийг мэдсэн ч түүн рүү тогтоож харсангүй. Харин Сэлэнгээ түүн рүү дөхөж ирээд “Эмээ та юу хийж байгаа нь энэ вэ?” гэж айх гайхах зэрэгцэн асуулаа. Эмгэн сонсогдохтой үгүйтэй нэг юм амандаа шивэгнэж ямар нэгэн зүйл ам руугаа хийж байгааг үйл хадлалаараа үзүүлэхэд Сэлэнгээ эмээгийнхэ юу гэснийг сайтар ойлгожээ. Эмээ нь их өлсөөд хол хийж идсэн нь тэр ажээ. Өмнөө байгаа энэ крантны устай% түүндээ түүхий нялцгай нойтон мах хийсэн. Зүйлээ өмнө нь хэд хэдийг идсэн, их амттай байсан гэж хэлсэн нь тэр. Сэлэнгээ айж бүр ч их балмагдлаа. Эмээгийн нь ой ухаан доройтлоо ч арай ингэж түүхий ус, түүхий мах иддэггүй билээ. Сэлэнгээ яахаа мэдэхгүй эмээ рүүгээ айсан нүдээр харж байснаа эмээ нь бүр нүдэн дээр нь өнөөх өмнөө байгаагаа идэж эхлэлэхэд нь тэр крантны ус бүхий түүхий “махан хоол”-ыг нь авах гэж оролдлоо.

-Эмээ би танд хоол хийж өгье. Энийг идэх хэрэггүй.

Гэтэл эмээ түүнд хоолоо өгсөнгүй. Яг л гуравхан настай жаахан хүүхэд хамаг хоолойныхоо чадлаар муухай хашхирахтай адилаар чарлан тийчигнэв. Сэлэнгээ урьд өмнө нь эмээгээсээ ийм ааш авир гарахыг хэзээ ч харж байгаагүй билээ. Яг л өнөөдрийн уурлаж дүнсийсэн хүмүүсийн нэгэн адилаар эмээ нь ч гэсэн ямар нэгэн зүйлд ховсдуулчих нь энэ үү? Эмгэнийг чарлаад болохгүй болохоор нь Сэлэнгээ өмнөх пял тавгийг нь тэр чигт нь тэнд нь орхиод хурдхан шиг холдлоо. Сэлэнгээгийн хамаг бие нь салганан чичирч, нүүрээр нь хүйтэн хөлс дааварлана. Саяхан өнөөх цэнхэр костюмт ирээд хаалгыг нь тогшсон. Магадгүй баталгаатай мэдээгүй ч тэр бол яалтчгүй өнөөх цэцэг бэлэглэсэн долир залуу мөн гэдэгт Сэлэнгээ бүрэн итгэлтэй байгаа. Бас түүгээр ч зогсохгүй тэр этгээд одоо хүртэл хаалганых нь цаана цоож тайлагдахыг хүлээгээд нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулан хуруугаа мэрэн зогсож байгаа.Гэтэл дээрээс нь энэ шүдгүй эмээ түүхий мах усанд дэвтээж идээд араас нь крантны хүйтэн усаар даруулж байдаг.Муу ёрын гэдэг нь өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? Бас юу үзэх нь энэ вэ? Ганцхан өдрийн дотор дэндүү хангалттай юм үзлээ, боллоо, гүйцээ. Бүхнийг мартаад унтаж амрах минь. Сэлэнгээ өөртөө ингэж хэлээд эмгэнийг түүхий махтай нь орхиод өрөөнөөс гарч одлоо. Өнөөх цэцэг бэлэглэгч этгээд чинь дахиад хаалга тогших вий


гэсэн бодол Сэлэнгээд төрж байсан ч аль болохоор энэ бодолдоо автахгүйг хичээн самгардана. Дахин цонх руу очиж харахыг ч хүссэнгүй, зүгээр л хөнжилдөө шургахын яаравчиллаа. Сэлэнгээ хэдхэн цагийн өмнө хүйтэн бороонд цохигдон чичирч байсан бол одоо айснаасаа болоод мөн л тасралтгүй чичирхийлж байв.Өнөөх цэнхэр костюмт магадгүй халганы цаана байж л байгаа, гэхдээ яах гэж? Чухам ямар учиртай өөрт нь цэцэг өгснийг ч мэдэхгүй, тэгээд бас яагаад өөрийг нь ингэж хоргоож үүдэн дээр нь хүртэл ирчихээд байгаа билээ. Ямар ч хүнгүй эцэс төгсгөлгүй цутгах хүйтэн борооноос өөр үзэгдэлгүй энэ муу ёрын үдэш чөтгөр хүртэл бусдаар хань татаж байгаа нь энэ үү?

Сэлэнгээ хэдий хоёр давхар хөнжлөөр өөрийгөө давхарлан хучсан ч дагжин чичирсээр. Тэрээр өөрийгөө яаж тайвшруулах ёстойгоо мэдэхгүй дэмий л хөнжилдөө мэгшинэ. Өрөөнийхөө гэрлийг ч унтраасангүй. Мэдээж энэ нь түүний айдастай холбоотой бөгөөд гэрэлтэй байвал сэтгэл нь жаахан тайвширч магадгүй унтах ч юм билүү.

Шөнө дунд хэдийнэ болжээ. Айснаасаа болоод Сэлэнгээгийн нойр бүр хулжиж орхиод, хөнжлөөр биеэ хучиж буйдан дээр хэвтэнэ. Дахин хаалга цохисонгүй, ямар ч чимээ аниргүй хэвээр. Гэтэл энэ нам гүмийг эвдсэн чимээ гарсан нь хажуугийн өрөөний эмгэний огиулах дуу. Түүхий мах крантны усаар хооллож байсан эмээгээ огиулж тэрэндээ хахаж байна гэж бодсон ч Сэлэнгээ очиж туслахыг хүссэнгүй. Яршиг, тэндээ тэгээд үхвэл үхэг. Юу ч сонсоогүй унтаад өгсөн л хүн байгаа биз. Сэлэнгээ өөртөө ингэж хэлмэгцээ хоёр давхар хөнжлөө толгой дээгүүрээ давуулан хучаад нүдээ анин хэвтлээ. Хэсэг хугацааны дараа эмгэн ч огиулахаа зогсож, Сэлэнгээгийн нүд ч анилдаад ирэв. Ингэсээр нэг л мэдэхнээ Сэлэнгээ унтаж орхижээ. Түүний ухаан санаа зүүд нойрын ертөнцөд тэнүүчилж одов.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)