BMWAREZ BLOG : Ц.Ууганбаярын "Шулмийн инээд" аймшгийн зохиол /Цахилгаан шат/

Цахилгаан шат

Лифтны хаалга хяхтнан нээгдлээ. Хэн ч тэр лифт дуудах товчлуурыг дараагүй. Гэтэл бас тэндээс хэн ч гарч ирсэнгүй. Зүгээр л өөрөө хүрч ирээд нээгдчих нь тэр. “Яг л амьтай юм шиг. Энэ аймшгийн нисдэг авч намайг аль нэг тийш нь авч явах гэж дандаа ингэж аашилдаг юм” Тэргэлийн энэ бодол дөнгөж саяхан нээгдээд байгаа энэхүү бүүдгэр гэрэлтэй лифтэнд төвлөрч байв.

Тэрээр лифт рүү нүд салгалгүй ширтсээр байснаа ямар нэгэн зүйлд ховсдуулан татагдах мэт боллоо. Тэгснээ маш хурдан сэхээ авч тэрхүү тагаа нээсэн авсыг санагдуулам лифтнээс нүднийхээ харцыг арайхийн салгав. Тэргэлийн гэр есөн давхарт байдаг нь түүнийг дандаа л бухимдуулдаг билээ. Учир нь тэрээр цахилгаан шатаар явах дургүй. Харанхуй болсон хойно бол бүр ч үгүй. Ялангуяа яг өөрийнхөө гэрийн энэ цахилгаан шатнаас бараг үнхэлцгээ хагартал айдаг болсон. Тэргэлийнх энд нүүж ирээд удаагүй байгаа ч сүүлийн зургаан сарын туршид тэрхүү айдас нь улам бүр идэвхжээд байгаа. Хэдэн сарын өмнө тохиолдсон цахилгаан шаттай холбоотой учир битүүлэг хэд хэдэн үйл явдал түүний сэтгэлд хургасан айдсыг улам ихээр нэмэгдүүлсэн гэхэд болно.

Цахилгаан шатанд суусан хүмүүс ор сураггүй алга болдог. Тэргэл тэр алга болсон хүмүүсийн тухай өөрийнхөө бодлыг хэнтэй ч хуваалцдаггүй. ЗҮгээр л өөрийнхөө ойр дотныхондоо “Болж өгвөл лифтэнд битгий суугаарай” гэж захих нь ихэссэн. Харин гэрийхэн нь нэг гайхасхийж хараад “Цахилгаан шат ажилладагүй шдээ” гэж хэлдэг. Ер нь тэгээд барагтай л бол анзаардаггүй гэхэд болно.

…Тэргэл дээшээ явган шатаар өгслөө. Түүнийг дөнгөж дөрвөн давхарт гарч иртэл саяхан нэг давхарт нээгдсэн лифт нь дөрвөн давхарт ч гэсэн нээгдэх чимээ гарав. Тэргэл зогтуслаа. Уг нь тэрээр хүний хөлийн чимээ гарахыг хүлээж байсан хэдий ч юу ч сонсонгүй. чимээ аниргүй хэвээр. Тэргэлийн дотор арзганаад явчих нь тэр. “Лифт намайг дагаад байна” гэсэн бодол Тэргэлд төрөхтэй зэрэгцэн тэрээр хөлийнхөө хамаг хурдаар дээшээ гүйчихлээ. Зургаан давхарт дахиад л лифт ирж зогслоо. Тэргэл дахин зогтусав. Хүний хөлийн чимээ үгүй ядаж хэн нэгний хоолой засахыг сонсохыг хүссэн ч юу ч сонсогдсонгүй. Тэргэл зургаан давхарт хэсэг саатаж дээш өгсөх гэснээ больчихлоо. Энэ лифт намайг дуудаад байна гэсэн бодол Тэргэлийн санаанаас гарахгүй байсаар тэрээр зургаан давхарт нээгдсэн лифт рүү очиж харахаар шийдэх нь тэр. “Дотор нь суухгүй ээ. Зүгээр л очиж харчихаад буцаад шатаараа дээшээ өгсчихнө. Хүн байна уу, үгүй юу гэдгийг нь харчихаад л ирье” хэмээн өөртөө хэлсээр Тэргэл лифт рүү аажмаар зүглэлээ. Түүнийг лифт рүү очихоос өмнө лифт хаагдсанаа дахин нээгдэх чимээ сонсогдов. Тэргэл лифт рүү шагайж харахад урьдын адил хэн ч байсангүй. Уг нь Тэргэлийн хувьд өөрийг нь дагаад байгаа энэ цахилгаан шатнаас хэн нэгэн чимээгүйхэн гэтээд гарад ирнэ гэж болгоомжилж эсвэл горьдож байсан ч тэнд хэн ч байсангүй. Санаа нь ч амрах шиг эсвэл бүр илүү айх шиг ч болсон Тэргэл есөн давхар луу хар хурдаараа гүйлээ. Юу ч болсон түргэхэн шиг гэртээ орчихвол энэ аймшгийн лифтнээс салах болно гэсэн бодол Тэргэлийн толгойд эргэлдсээр тэрээр нэг л мэдэхэд гэрийнхээ хаалганы өмнө ирчихжээ. Ингээд тэрэр яаран сандран хаалгаа балбахад найман давхарт лифтний хаалга нээгдэх чимээ сонсогдлоо. Гэртээ орж ирсэн Тэргэлийн зүрх хурдан хурдан цохилж саяын айдсаасаа салахыг хичээж байв. Ээж нь түүнээс ямар нэгэн юм болоо юу? Согтуу хүнтэй таараа юу? Хэмээн асуусан хэдий ч тэрээр өөрийнхөө утгагүй гэж үзсэн айдсынхаа тухай юу ч хэлсэнгүй. Өдий хорин таван нас хүрчихсэн аль хэдийн нөхөрт гарах болсон хүүхэн “Өөрөө нээгдсэн цахилгаан шатнаас үхтлээ айгаад…” гэж ярилтай ч биш хэмээн өөрийгөө тайвшруулаад нүүрэндээ хүчээр шахуу инээмсэглэл тодруулан байж ээжийгээ тайвшрууллаа.

Түүнийг хоол идэж байхад нь ч тэр, зурагт үзээд буйдандаа тухлахад нь ч тэр өнөөх өөрийг нь дагадаг цахилгаан шатны тухай бодол санаанаас нь гарсангүй. Уг нь анх нүүж ирэхэд нь цахилгаан шат ажилладагүй гэж хүмүүс ярьж байсан ч хааяа ажиллаад байх шиг байдаг байсан. Энэ лифт өөрийн гэсэн нууцтай, ямар нэгэн адын муу ёрын хар энергийг өөртөө агуулсан нь дамжиггүй мэт Тэргэлд санагдана. Өмнө нь энэ орцонд амьдардаг байсан зарим хүмүүс алга болсон шалтгаан бол зөвхөн энэ цахилгаан шат гэдэгт Тэргэл бат итгэлтэй байдаг билээ. Хамгийн түрүүнд орцны жижүүр хийдэг байсан хижээлдүү насны авгай болсон. Тэр жижүүрийг


Цэрмаа гэдэг байсан. Хамгийн сүүлд түүнийг лифтэнд сууж байхыг Тэргэл харсан, гэхдээ хаана хэдэн давхарт буусныг нь мэдээгүй. Магадгүй тэр жижүүр лифтэнд ороод тэндээсээ гарч ирээгүй. Хараал шингэсэн цахилгаан шат түүнийг хаашаа ч юм аваад явчихсан. Нөхөр нь хүүхдүүд нь дүү нар нь гээд өч төчнөөн хүмүүс түүнийг цагдаа нартай нийлэн хайсан ч арваад хоног сураг чимээ нь гараагүй. Бүгд л түүнийг үхсэн гэдэгт итгэлтэй байсан хэдий ч тэрээр нэг л өдөр эргээд ирсэн.

Тэр өдөр Тэргэл ажлаа оройтож тараад юмыг яаж мэдэхэв, цахилгаан шат ажиллаж байвал түүгээр дээш өгсөхөөр шийдэж дуудах товчлуурыг дарж билээ. Цахилгаан шат ч хүнгэнэн дуугарсаар нэг давхарт ирэн нээгдэхэд өнөөх алга болоод арав гаран хоносон жижүүр авгай тэнд зогсож байх нь тэр. Тэргэл цочсондоо эгээтэй л ухаан алдаад уначихаагүй. Цэрмаа авгай амьгүй мэт хүйтэн харцаараа Тэргэл рүү нүд цавчилгүй ширтэж байсан. Тэр нүдэнд ямар ч амьдын гал цог байгаагүй. Цэрмаагийн нүд рүү харсан Тэргэл яг л хурц зүүгээр хатгуулж байгаа юм шиг эмзэглэж билээ. Тэргэл Цэрмаа авгайтай удаан ширтэлцэж тэсэлгүй дээшээ шатаар гүйчихсэн. Эргэж ч хараагүй. Ямартай ч орцны жижүүр хийдэг байсан Цэрмаа авгай урьдын малилзтал инээдэг сайхан ааштай Цэрмаа биш болчихсон байсныг олон хүн баталсан даа. Түүнийг гэнэт цахилгаан шатнаас гараад ирэхэд олон хүн гайхаж юу болсон тухай асуухад тэрээр юу ч яриагүй. Уруул нь хөхөрч, царай нь хувхай цагаан болчихсон байсан Цэрмаа гартаа тааралдсан болгоноо ховдоглон идэж байсан гэх. Хичнээн олон аяга хоол өгөөд ч цадахгүй, сүүлдээ бүр түүхий мах цуслан идэж эхэлсэн тухай хүмүүс ам дамжин ярьж байлаа. Тэргэлийн хувьд нэг өглөө гэрээсээ гараад явж байхдаа Цэрмаа авгайн хальслаагүй түүхий төмсийг яг л алим шиг шижигнэтэл нь зажилж байгааг харсан юмдаг. Түүнээс хойш Тэргэл тэр Цэрмаа авгайтай дахин тааралдахгүйг хичээх болсон. Арваад хоног өнгөрсний дараа тэр Цэрмаа авгай нөхөр хүүхдүүддээ унтсан хойно нь алахаар завдаад оролдлого нь бүтэлгүйтэн өөрөө нөхрийнхөө гарт алагдсан. Яг тэр үед жигшүүрт хэргийн дараагаас эхлээд л Тэргэлийн амьдардаг орцны дээд давхрын айлуудын зарим нэг хүмүүс алга болж эхэлсэн. Гэхдээ урьдынхаасаа шал өөр хүмүүс болчихсон байдаг. Хэд хэдэн удаагийн ийм тохиолдлуудын эцэст энэ орцонд жижүүр тогтохоо больж айлуудын нүүж суух нь ихэссэн.

Ийнхүү Тэргэл цахилгаан шатыг тойрсон элдэв бодлуудаар толгойгоо гашилгасаар нойрондоо дийлдэн нам унтаад өглөө сэрэв. Ажилдаа очих цагаасаа хоцорчихжээ. Ялангуяа сэтгүүлчийн ажил гэдэг цаг наргүй байдаг юм хойно тэрээр яаран сандран хувцаслаж гарав. Түүний хувьд өнөөдөр өглөө эрт болох шүүх хуралд оролцож тэндээс мэдээ бэлдэх ёстой байсан. Гэтэл тэрээр энэ ажлаасаа бүхэл бүтэн нэг цагаар хоцорчихоод байлаа.

-Миний охин яасан их яарч байх юм. Ядаж жаахан цай амсаад гараач гэсэн ээжийнхээ үгийг Тэргэл авч хэлэлцсэнгүй. Гадуур хувцсаа шүүрэн аваад гэрийнхээ хаалгыг ч гүйцэд хаалгүй шатаар уруудлаа. Гэтэл түүнийг ийнхүү доош уруудсаар найман давхарт ирэхэд лифтний хаалга нээгдэх чимээ сонсогдлоо. “Яг л яарч яваа Тэргэлд туслах гэсэн мэт…” Тэргэл шатан дээо зогтусч яахаа мэдэхгүй эргэлзлээ. “Өнөөх л цахилгаан шат намайг авч явахаар өөрөө ирлээ ” гэсэн бодлд Тэргэлийн толгойд эргэлдэж айдас төрүүлэв. Гэхдээ тэрээр доошоо гүйчихэж чадсангүй. Яагаад ч юм хэн нэгэн цахилгаан шатанд суухыг ятгаад байгаа юм шиг сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй эргэлзэн тээнэгэлзэх аж. Тэргэл яахаа мэдэхгүй ийм байдалтайгаар бараг гурван минут хэрээтэй зогсоод эцэст нь явган шатаар доошоо уруудан гүйлээ.

Тэрээр орцноосоо гараад цээж дүүрэн амьсгалж аваад автобусны буудал руу зүглэн гүйсээр байхдаа “энэ лифт намайг авч явахын тулд бүр нам унтуулж ажлаас минь хүртэл хоцруулдаг болжээ” хэмээн өөртөө хэлж байв.

Үнэхээр л сүүлийн өдрүүдэд Тэргэл өглөө болгон нам унтаж ажлаасаа хоцроод гэрээсээ гарах болгондоо яг найман давхарт өнөөх цахилгаан шат өөрөө ирээд зогсох чимээг сонсдог. Уг нь ажилладаггүй гэж хүмүүсийн яриад байдаг цахилгаан шат гайхмаар мөртлөө нэг бодлын сайшаалтай хэрэг. Гэхдээ тэндээс хэн ч гарч ирэхгүй, бас хаалга нь хаагдаж нээгдэхээс өөр ямар ч чимээ гардаггүй. Ингэж цахилгаан шат өөрөө ирж зогсох болгонд Тэргэл яагаад ч юм лифтэнд орчихдог ч юм билүү хэмээн эргэлзэж яг л хэн нэгэн этгээд өөрийг нь алсаас ятгаад байгаа юм шиг санагддаг тухайгаа бодсоор бүр хямарчихаад байлаа. Тэрээр зам дээр ирээд таксинд гар өргөн зогсоож суухдаа саяхан гарч ирсэн орц руугаа эргэн харлаа. “Одоо өнөөх


лифт чинь нэг давхарт ирчихээд намайг хүлээж байгаа даа” гэсэн Тэргэлийн бодол машины хөгжмөөр явж буй уянгын аятай нэг л авцалдахгүй аж.

Өдөр өнгөрдгөөрөө өнгөрч Тэргэл харуй бүрий болсон хойно ажлаа тарж гэрийнхээ зүг явлаа. Одоо өнөөх лифт дахиад л намайг дагах болов уу гэсэн бодол түүний санаанаас гарсангүй. Орц руугаа явж орлоо. Доод давхрууд хав харанхуй байх нь тэр. Ямар ч хүн байхгүй, чимээ аниргүй, хав харанхуй тийм орчин Тэргэлийг угтан авлаа. Тэргэлийн орц жижүүргүй болохоор гудамжны хулгайч нар хамаг чийдэнг нь түүчихдэг нь сүүлийн үед хэвийн үзэгдэл болсон. Энэ удаа ч бас өнөөх чийдэнгийн эрлэг болсон сайн эрчүүд Тэргэлийн орцоор дайраад өнгөрсөн бололтой.Тэрээр харанхуйгаас аргагүй жийрхэж дээд давхрууд руугаа харлаа. Ердөө ганцхан давхар л гэрэлтэй байгаа нь сүүмийн харагдана. Лифтний хаалга хяхтнан нээгдэв. Нэг давхрын лифт рүү явж ордог тэр хэсэг газарт бүүдийсэн гэрэл туслаа. Энэ нь үнэхээр лифт ирж зогссоныг илтгэж байх бөгөөд мөн л урьдын адил тэндээс хэн ч гарч ирсэнгүй, хэн ч орсонгүй. “Золиг гэж, надаар ер нь яах гэсэн юм бол доо…” Тэргэл хэдий ганцаараа байсан ч өөрийн эрхгүй ийн шивнэжээ. Тэргэлийн хувьд харанхуй орцонд явган шатаар дээшээ өгсөнө гэдэг тийм ч таатай санагдахгүй байсан бөгөөд цахилгаан шатанд сууна гэдэг дээр бүр ч ярилтгүй байлаа. Хав харанхуй нэг давхарт хэсэг саатан зогссон Тэргэл хэн нэгнийг орц руу ороход нь хамт оръё гэж шийдээд буцаж гарав. Өлийн жихүүн салхи Тэргэлийн хацар нүүрийг жиндтэл үлээж хүйтний эрч улам бүр нэмэгдэх нь тэр. Гудамжны утаснаас гэрлүүгээ залгаж үзсэн хэдий ч гэрт нь хэн ч байхгүй байгаа бололтой холбогдож чадсангүй.Цонх руугаа харсан ч бүх өрөөнийх нь гэрэл унтраалттай байгаа нь Тэргэлийн нүдэнд өртлөө.

Орц руу орох хүн бараг хагас цаг хэрээтэй хүлээсэн хэдий ч ирсэнгүй. Ингэсээр даарахаас халширсан Тэргэл буцаад дотогшоо оров. Түүнийг дөнгөж ормогц лифтний хаалга урьдын адил нээгдлээ. Энэ удаад Тэргэл юу ч бодолгүй явган шатаар дээш өгсөв. Хоёр хоёр гишгүүрээр алгасан гишгэх тэрээр хурдхан гэртээ орохсон гэхээс байж ядна. Дөрвөн давхарт ирэхэд лифт урьдын адил ирж нээгдлээ. Тэргэлийн дотор хүйт оргиж нүдэнд нь нулимс цийлэгнээд ирсэн ч тэрээр зогссонгүй алхаагаа улам түргэсгэв. Зургаан давхарт дахиад л лифтний хаалга нээгдэх чимээ…

Энэ удаад Тэргэлийн нүднээс нулимс асгарч эхэллээ. “Хараал идсэн, новшийн лифт одоо намайг дагаж явсаар найман давхарт ч гэсэн нээгдэнэ биз. Намайг очно л гэж бодож байгаа юм байхдаа. Гайгүй байлгүй…ёстой гонж…” Гэтэл энэ удаад лифтний хаалга нээгдэх чимээнээс гадна хэн нэгэн жаахан охины мэгшин уйлах нь Тэргэлийн чихнээ сонсогдлоо. ЭГЧ ЭЭ ТА ХҮРЭЭД ИРЭЭЧ ДЭЭ, ГУЙЖ БАЙНА…

Тэргэл сонссондоо итгэсэнгүй. Жаахан охин цахилгаан шатан дотор мэгшин уйлж бүр намайг дуудаж байна шүү дээ гэж бодохоос ар нурууных нь хүйтэн хөлс чийхрах шиг болно. Тэргэл сонссондоо эргэлзэж тэр өөрийг нь дагаж ирээд нээгдсэн лифтэн дотор ямахуу янзтай охин өөрийг нь хүлээж байгааг төсөөлөн бодохоос нүд нь харанхуйлж ирлээ. ЭГЧ ЭЭ ТА ХҮРЭЭД ИРЭЭЧ ДЭЭ, ГУЙЖ БАЙНА…

Тэргэлийн толгой эргэх шиг болоход шатны бариулаас хоёр гараараа зуурч авлаа. “Хэрвээ тэр лифтэнд байгаа жаахан охинд би үнэхээр хэрэгтэй юм бол яагаад өөрөө гарч ирэхгүй байгаа юм бол оо” гэсэн бодол Тэргэлийн толгойд эргэлдсээр. Тэрээр зогсож байсан газраасаа хөдөлж чадахгүй байсаар байв. Лифтний хаалга нэг нээгдэж, нэг хаагдах чимээ гарна. ЭГЧ ЭЭ ТА ХҮРЭЭД ИРЭЭЧ ДЭЭ, ГУЙЖ БАЙНА….гиншин уйлж, шивнэн хэлэн энэ үгс Тэргэлийн чихэнд тодоос тод дуулдсаар. “хэрвээ энэ лифтэнд хэн нэгэн байлаа гэхэд ямар ч байсан тэндээсээ гарч ирж чаддаггүй байх нь” гэсэн дотор жихүүцүүлэм бодол энэ мөчид Тэргэлд төрөөд амжив. Тэрээр ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байсны хажуугаар ядаж хоолойгоо засах чимээ гаргах гэсэн хэдий ч ердөө болсонгүй. Яг л хэн нэгэн багалзуурыг нь шахаад юу ч яриулахгүй байгаа мэт…

Тэргэл лифт рүү очихоор шийджээ. Тэнд ямар ч буг чөтгөр нь байлаа гэсэн энэ мөчид очихоос өөр сонголт байхгүй мэт Тэргэлд санагдана. Ингээд зургаан давхрын сүүмгэр гэрэл тусгах цахилгаан шат байрлах тэр зүг рүү Тэргэл дөхлөө. Нэг алхам, хоёр алхам, гурван алхам…одоо ахиад гурваас дөрвөн алхам хийхэд лифтэнд хэн байгааг харах болно. Тэргэлийн хамаг бие нь салганан чичирч зүрх нь хурдан хурдан цохилж байв. Буцаад гүйдэг ч юм билүү гэж эргэлзсэн хэдий ч энэ хүрчихээд буцна гэдэг гомдолтой мэт санагдана. Тэргэл хүрээд ирлээ. Одоо ердөө


ганцхан алхаад эсвэл хүзүүгээ жаахан сунгаад бүүдгэр гэрэлтэй цахилгаан шатанд хэн байгааг харах болно. ЭГЧ ЭЭ…

Тэргэл шагайлаа.Тэгээд санаанд оромгүй зүйлийг олж харах нь тэр. Таваас зургаан насны цагаан даашинзтай жаахан охин буруу харан зогсчихоод мэгшин уйлж байх нь тэр. Тэрээр далаа хүртэл ургасан буржгар хар үстэй юм. Даашинзных нь хормой цусанд будагдчихсан байх бөгөөд Тэргэл харцаа улам доошлуулав. Лифтний шаланд өтгөн улаан цус тунаран харагдаа. Тэргэл хэдий хичээсэн ч энэ үзэгдлээс харцаа салгаж чадсангүй. Өнөөх буруу харан зогсоод мэгшин уйлж байсан жаахан охин Тэргэлийн ирснийг мэдэв бололтой аажмаар эргэлээ. Энэ үед охины ард хэн нэгэн насанд хүрсэн эмэгтэй хүн байна гэдгийг Тэргэл мэдрэх шиг болов. Цэлдэн хөх царайтай ямар ч цагаангүй хар нүднээс нь цусан улаан нулимс гоожих адын муухай царайтай жаахан охин Тэргэл рүү аврал эрэх мэт гараа сунгалаа. Гар нь ч гэсэн ялгаа алга, хөшинги байдалтай, цэлдэн хөх байгаа нь цахилгаан шатны сүүмгэр гэрэлд харагдав. Тэргэл арайхийн сэхээ авч энэхүү санаанд багтамгүй аймшигт үзэгдлээс харцаа арайхийн салгаад муухай хашхиран дээшээ гүйчихлээ. Тэрээр замдаа нэг ч удаа зогссонгүй. Нэг мэдэхнээ Тэргэл гэртээ ороод ирчихжээ. Гэрт нь хэн ч байхгүй байсан хэдий ч чухам яаж цоожтой хаалгаа нээгээд гэртээ орж ирснээ тэрээр санахгүй байв. Энэ хугацаанд Тэргэл айснаасаа болоод ухаанаа алдчихсан байсан бололтой. Ямартай ч тэрээр гэрийнхээ утасны харилцуураас тас атгачихсан байгаагаа мэдсэн бөгөөд ээж рүүгээ ярьж хурдан ирээч хэмээн уйлж унжсанаа бүүр түүрхэн санах шиг. Удалгүй Тэргэлийн аав ээж хоёр нь ирж сүйд болцгоох нь тэр. Тэргэлийг яасан ийсэн хэмээн шалгааж тайвшруулахыг хичээж эмч дууджээ. Дуудлагын эмч ирээд Тэргэлд тайвшруулах тариа хийснээр түүний бие түрүүчийхээс арай дээрдэв. Тэрээр болсон явдлын талар ээж аавдаа хангалттай ярьсангүй. Ердөө л цахилгаан шат намайг дагаад өөрөө нээгдэж байсан гэснээс өөр юм хэлээгүй. Ялангуяа тэр цусаар уйлж байсан аймшгийн нүдтэй жаахан охиныг бүр дурсахыг ч хүссэнгүй, зүгээр л тийм юм огтхон ч болоогүй гэдэгт өөрийгөө итгүүлэхийг хичээж байлаа. Энэ шөнө Тэргэл маш ихээр айж байсан учраас ээжийнхээ өвөрт унтахаар болжээ. Хүний эх гэдэг хамгаас их нөмөр нөөлөгтэй, дулаан таатай мэдрэмж төрүүлдэг юм хойно Тэргэл аажим аажмаар тайвширч эхэллээ. Өмнө нь алга болоод эргэж ирсэн нэгэн залуу Тэргэлийн санаанд оров. Тэрээр ирснээсээ хойш өнөөх жижүүр байсан Цэрмаа авгай шиг тааралдсан болгоноо идээгүй, харин ч бүр юу ч идэхгүй зөвхөн нэг жаахан охины тухай эцэс төгсгөлгүй ярьсаар байснаа сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж, тэндээ нас барсан гэж дуулдсан. Тэргэл тэр залууг цахилгаан шатанд суугаад алга болсноо хэд хоногийн дараа эргээд ирсэн гэдэгт эргэлздэггүй. Хөршүүд нь түүнийг Хөлөгөө гэж дууддаг байсан. Хэдийгээр Тэргэл Хөлөгөөг цахилгаан шатанд суухыг нь нүдээрээ хараагүй ч тэр залуугийн гэр нь найман давхарт байдаг болохоор ямар нэгэн байдлаар цахилгаан шатанд суух магадлал өндөртэй гэж боддог. Уг цахилгаан шатны ажиллагаа юунаас болоод ч юм бүрмөсөн зогсоосон гэж ярьдаг ч хааяа ажиллаж л байдаг болохоор хүмүүс үйлчлүүлэх нь дамжиггүй. Эсвэл магадгүй хэн нэг нь дураараа ямар нэг юмыг нь хөдөлгөөд л ажиллуулчихдаг биз. Ер нь л энэ орцонд учир битүүлгээр алга болж, дараа нь эргэж ирээд удалгүй нас барсан дөрвөн хүний гурав нь зургаагаас дээш давхарт амьдардаг байсан. Мэдээж үлдсэн ганц нь жижүүр байсан Цэрмаа авгай. Цэрмаагийн хувьд бол жижүүр учраас дээшээ доошоо байнга явдаг, цахилгаан шат таарвал суухгүй өнгөрч чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тийм болохоор энэ бүх хүмүүсийн амь амьдралыг зөвхөн тэр хараал идсэн цахилгаан шат, бас дотор нь байсан аймшгийн охин хоёр залгисан. Магадгүй цахилгаан шатанд цусаар уйлсан муу ёрын охиноос гадна өөр хэн нэгэн байсан ч байж мэднэ. Охиныг эргэж харах үед ард нь хэн нэгний унжсан гар харагдах шиг болсон. Гэхдээ маш их айсан болохоор юу байсныг нь сайн анзаараагүй. Тэргэл ийнхүү бодол болон хэвтсээр.Яагаад ч тэрхүү цахилгаан шаттай холбоотой учир битүүлэг нууцын талаар олж мэдэх гэсэн эрмэлзэл нь улам ихээр нэмэгдэж байгаад өөрийгөө гайхаж байлаа. Тэргэл унтаж чадсангүй. Зүгээр л ээжийгээ тайвшруулахын тулд унтсан дүр үзүүлээд элдвийг бодсоор үүр цайлгажээ. Энэ өглөө Тэргэл өвчтэй гэж ажлаасаа чөлөө аваад явсангүй. Өчигдрийн тэрхүү аймшигтай гэнэтийн дүр зураг санаанаас нь гарахгүй тарчлаасаар байлаа. Тэрээр гэрээсээ ч гарсангүй, хүнтэй ч нэг их юм ярьсангүй. Зүгээр л телевизор ширтэж, сүү хөөрүүлж уусаар гэрээсээ хамраасаа ч цухуйлгасангүй. Энэ янзаараа хэдэн өдөр өнгөрлөө.


Тэргэлийн дотор хуралдаад байгаа айдас бага багаар арилж байсан хэдий ч гэрээсээ гарах тухай бодохоор өнөөх цахилгаан шаттай холбоотой бодлууд урган гарч ирээд хоолой дээр нь нэг юм тулаад ирэх шиг болно. Түүнйи энэхүү элий балай байдалд нь санаа зовсон ээж нь эмч домч, лам хараар явах нь ихслээ. Тэргэлийн хувьд ажилдаа ч санаа тавихаа больж хөндлөнгийн хүн харахад гэрээсээ хэзээ ч гарахгүй хэмээн шийджээ гэмээр сэтгэгдэл төрүүлэхээр байлаа. Орой болж хүмүүсийн хөл хөдөлгөөн татарчээ. Өглөө эрт дэлгүүр явна гээд гарсан ээж нь одоо болтол байдаггүй. Тэргэл зурагтаар хошин шогийн нэвтрүүлэг үзэж байсан ч дотроо ээжийгээ харуулдсаар. Зурагтныхаа хажууд байрлах ширээний цаг руугаа үе үе хяламхийсээр хорин дөрвөн цаг өнгөрөхөд тэрээр ээждээ илт санаа зовниж эхэллээ. Ядаж байхад энэ өдөр Тэргэлийн аав нь хөдөө ажлаар явчихсан билээ. Тэргэл тогтож сууж чадахаа болин гараа элгэндээ зөрүүлэн алхална. Ээж нь өглөө гарахдаа гар утсаа гэртээ орхичихсон болохоор холбоо барих ямар ч арга байсангүй. Дэмий л утас чагнаж хаалга тогшихыг хүлээж байлаа. “Ээж арай нөгөө цахилгаан шатанд…” гэсэн бодол Тэргэлд төрсөн хэдий ч тэрээр энэ бодлоосоо хурдхан шиг татгалзлаа. Үнэхээр Тэргэлийн хувьд хамгийн ихээр хүсэхгүй байгаа зүйл бол тэрхүү муу юм шүглэсэн лифтэнд суусан байлаа гэхэд бусад хүмүүийн нэгэн адил алга болох болно гэсэн айдас Тэргэлийн толгойд эргэлдэж байлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ирэхдээ ээж нь огт танихгүй хүн болчихно гэхээс Тэргэлийн нүд харанхуйлах шиг болно. Тэргэлд муу ёры совин татаж огтхон ч тайван сууж чадахгүй байссаар эцэст нь гадаа гарч ээжийгээ тосохоор шийдлээ.

Гар чийдэн бариад дулаан хувцсаа өмссөн Тэргэл харанхуй орцныхоо шатаар аажмаар уруудсаар. Орцонд ямар ч чимээ аниргүй бөгөөд Тэргэлийн тусгаж буй гар чийдэнгийн тусгалаас өөр ямар ч гэрэл үл харагдана. Тэрээр лифтний хаалга нээгдвэл яана аа хэмээн айж байсан ч замаасаа буцсангүй. Ямартай ч найман давхарт лифтний хаалга нээгдээгүй нь Тэргэлд гайхах баярлах мэдрэмжийг зэрэг зэрэг төрүүлж байв. Долоон давхрыг өнгөрөн уруудаж зургаан давхарт ирлээ. Яг энэ давхарт өнөөх ад зэтгэрийн охин сууж байсан…

Тар няр хийх дуу хадаасаар цахилгаан шат нээгдлээ. Энэ чимээг сонссон Тэргэл эгээтэй л ухаан алдаад уначихсангүй. Тэрээр сэхээ авмагцаа хэд хэдэн шат алгасан харайсаар доошоо гүйчихэв. Таван давхар….дөрвөн давхар…лифтний хаалга нээгдэх чимээ…Тэгээд эцэст нь МИНИЙ ОХИН ХҮРЭЭД ИРЭЭЧ гэсэн ээжийнх нь дуу.

Гурван давхар дөрвөн давхар хоёрын хоорондох шатны голд ээжийнхээ ийнхүү дуудахыг сонссон Тэргэл хөшиж орхижээ. Тэрээр саяынхаа сонссонд эргэлзэж байлаа. Яахаа мэдэхгүй тээнэгэлзэн зогссоор нэлээд удаан саатлаа. Дээшээ очоод хаалга нь нээгдээд байгаа цахилгаан шатанд юу байгааг харахыг хүсч байсан ч тэрээр айсандаа хөдөлж ч чадсангүй. Тэнд юу чбайж мэднэ, нөгөөх цусаар уйлсан аймшгийн охин урьдынх шигээ зогсож ч байж мэднэ. Тийм болохоор очоод хэрэггүй хэмээн Тэргэлийн дотоод сэтгэл өөртөө шивнэж байсан ч гэлээ тэрээр доошоо гүйчихэж чадахгүй л байв. Ингэсээр эцэст нь Тэргэл цахилгаан шатанд ээж нь байна уу үгүй юу гэдгийг очиж шалгахаар шийджээ.

Бурхан минь битгий л ээж байгаасай хэмээн залбирсаар Тэргэл шатаар аажимхан өгслөө. Лифтний хаалга нэг хаагдаж нэг нээгдсээр магадгүй зөвхөн Тэргэлийг л хүлээх мэт. Нүүрээр нь хүйтэн хөлс цутгаж хамаг бие нь салгалах тэрээр урагшаа бага багаар дөхсөөр лифтэнд бараг хүрээд ирчихлээ. Одоо нэгхэн алхам хийгээд лифтэнд хэн байгааг харах болно. Тэргэл нэг гүнзгий амьсгаа аваад сүүлийн алхмаа хийлээ.

Дотор нь хэн ч байхгүй лифтний хаалга өөрөө нээгдэж хаагдсаар байгаа нь Тэргэлийг суухыг урих мэт. Ээж ээ, та хаана байна аа хэмээн дуулдах төдий шивнэх Тэргэлийн үгийг хэн ч сонссонгүй. Зөвхөн цахилгаан шат л “наашаа ороод ир тэгвэл ээжийгээ олно” гэх мэт тар няр хийх дуу хадааж хаалгаа нээж хаасаар...

Удтал зогссоны эцэст Тэргэл цахилгаан шатанд орохоор нэг мөсөн шийдэх нь тэр. “Энэ цахилгаан шат намайг хүсч байна. Энэнд зөвхөн би л хэрэгтэй хэрвээ би яг одоо л ийшээ орохгүй бол ээжийгээ дахин хэзээ ч олохгүй байж мэднэ. Тийм ээ, энэ үнэн. Энэ хараал идсэн цахилгаан шат хүний амьдралыг залгидаг гэдгээ өмнө нь олон хүнээр батлан харуулсан. Намайг золиосоо болгохоор шийдсэн хэдий ч бүтэхгүй болохоор нь ээжийг минь аваад явчихлаа...” Тэргэл өөрөө өөртэйгөө ийнхүү бодлоороо ярилцаад цахилгаан шатанд явж орлоо. Түүнийг ормогц лифтний хаалга хаагдаж ямар ч товчлуур дараагүй байхад доошоо буулаа.


Үнэндээ Тэргэл маш ихээр айж байв. Лифт хаашаа ч юм нэг тийшээ яваад л байна. Ердөө зогсохгүй маш удаанаар явсаар байна. Уг нь хамгийн доод давхарт очих хангалттай хугацаа өнгөрсөн хэдий ч явсаар. Энэ лифт магадгүй ингээд хэзээ ч зогсохгүй юм байх даа гэсэн бодол Тэргэлд төрж хажуудаа байгаа бүх л товчлууруудыг дарж үзээд ямар ч тус олсонгүй. Аргаа барж хаалгаа маш хүчтэйгээр балбасан ч хэн ч хариу хэлсэнгүй, лифт үргэлжлүүлэн явсаар. Тэргэл аргагүй алдан хашхичиж чарлаж гарлаа. Лифт доошоо уруудсаар л байв. Магадгүй энэ цахилгаан шат ингэж явсаар хүнийг тамд аваачдаг юм болов уу ч гэж бодох шиг. Тэргэл цөхрөнгөө баран уйлж явган суугаад ээжээ хэмээн аяархан шивнэж байв. Ингэсээр цахилгаан шат гэнэт ёгхийтэл зогсчих нь тэр. Явган сууж байсан Тэргэл ухасхийн бослоо. “Ашгүй хаалга нээгдвэл шуудхан гараад гүйчихье” гэж бодсоор Тэргэл биеэ зэхэж байтал хаалга нээгдлээ. Огтхон ч танихгүй орц байх нь тэр. Хананы будаг, шалны плита гээд цөм өөр байлаа. Ойролцоогоор тав зургаан жилийн өмнө л орон сууцнуудын орцууд ийм будагтай байсан мэт санагдана. Хамгийн гол нь Тэргэлд энэ бүхэн өөрийн нь орцноос өөр юм гэсэн санаа төрүүлсэн зүйл бол чийдэн байв. Үргэлж харанхуй байдаг орц нь чийдэнтэй байгаа явдал бол Тэргэлийн хувьд их л гайхмаар санагдав. Ийнхүү Тэргэлийг цахилгаан шатнаас дөнгөж гарах гэхэд хамраас нь цус гарч нулимсандаа хутгалдсан гуч орчим насны нэг бүсгүй гараасаа жаахан охин хөтөлчихөөд гүйгээд ороод ирлээ. Тэргэл тэдний хажуугаар өнгөрөхийг хүссэн ч амжсангүй, цахилгаан шатны хаалга хаагдах нь тэр.

-Хүлээгээрэй эгч ээ, би буугаадахья гэж хэлсэн ч өнөөх хүүхэд хөтөлсөн үл таних эмэгтэй хариу хэлсэнгүй. Тэрээр зөвхөн гомдол цөхрөл, үзэн ядалт шингэсэн нүдээр гартаа хөтөлсөн охиноо ширтэж байв. Цахилгаан шат дахиад л доошоо явлаа. Энэхүү хөтлөлцөн зогсож буй хоёр харваас ээж охин гэдэг нь андашгүй аж. Тэдний хэн хэн нь Тэргэлийг хажуудаа зогсож байгааг анзаарахгүй эсвэл бүр мэдэхгүй байгаа бололтой. Өнөөх уур хорсол шингэсэн аймшгийн нүдтэй эмэгтэй охин руугаа зэвүүцэнгүй харж байснаа лифт зогсоох товчлуурыг дараад үснээс нь атгаж аваад лифтний хана мөргүүлж гарах нь тэр. Үүнийг нь Тэргэл хэдий хорихыг хүссэн ч ердөө болсонгүй. Ээж охин хоёрын хэн хэн нь түүнийг огтхон ч харахгүй байлаа. -Чиний тэр өөдгүй бузар эцэг чинь намайг хуурсан, чи бол тэр новшийн адгуус шиг залуугийн зулбасга. Хэдийгээр би чамайг төрүүлсэн ч гэсэн чи тэр новшийн хүүхэд нь мөн. Тэр өөдгүй амьтан чинь чамайг ч намайг ч хаяад өөр хүүхний бөгсөнд донтоод явчихсан. Мэдэж байна уу чи? Сая намайг тэр гичийгээсээ өмөөрөөд алах шахлаа шүү дээ. -Ээж ээ болиоч дээ, өвдөж байна шүү дээ. Би ямар буруу хэрэг хийгээ вэ? Охиноо хайр найргүй балбаж байсан үл таних эмэгтэй гэнэт өрөвдөх сэтгэл нь төрөв бололтой хэрцгий үйлдлээ зогсоолоо.

Тэргэл энэхүү золгүй охиныг сайтар ажвал өнөөх хэд хоногийн өмнө өөрийг нь цахилгаан шатанд дуудаж байсан охин мөн бололтой аж.

Үл таних эмэгтэй учиргүй уйлж гарав. Охин минь намайг уучлаарай, ээжийгээ уучлаарай... Эмэгтэй ингэж хэлмэгцээ хумстай хуруугаараа нүүрээ хайр найргүй самардаж гарлаа. Тэр эмэгтэй “Би яах ёстой юм бэ?” хэмээн чарлаж байв. Тэргэл тэр эмэгтэйг болиулах гэж гарнаас нь барьсан хэдий ч түүнд ямар ч саад учруулж чадсангүй. Бүр хүний гарнаас барьсан юм шиг мэдрэмж ч төрсөнгүй. Эмэгтэй өөрийнхөө нүүрийг самардсаар цусаа савируулж бүр нүдээ хүртэл ухаж орхих шиг болов. Тэгмэгцээ халааснаасаа нарийхан мэс заслын хутга гаргаж ирээд хүүе гэхийн завдалгүй хоёр гарынхаа судсыг ээлжлэн ханачих нь тэр. Цахилгаан шатны бүдэг гэрэлд цус тасралтгүй урсаж буй нь харагдаж жаахан охин чарлан дэвхэцсээр. “ээж ээ битгий үхээч дээ, битгий үхээч дээ. Би ааваас таныг битгий орхиоч гэж гуйя тэгэх үү ээж ээ...” охин ийнхүү хоолойныхоо чадлаар хашхичин дэвхцэж байлаа. Тэргэлийг харсаар байтал цахилгаан шатны шалан дээр цусан улаан шалбааг бий болов. Охины цагаан даашинзны хормой улаан цусанд будагдаад ирмэгц тэрээр авраарай хэмээн лифтний хаалга балбасан ч хэн ч ирсэнгүй. Жаахан охин өөрийн нь нүдэн дээр амиа хорлосон ээжийгээ хараад байж тэссэнгүй бололтой хамаг бие нь салганан чичирч байснаа зүрхэн тус газраа алгаараа дараад лифтний хана налан унах нь тэр.

....Тэргэл эмнэлгийн орон дээр ухаан орлоо. Түүний хажууд ээж нь санаа нь зовсон байртай цагаан халаад нөмрөн сууж байв.


-Ээж нь охиноо ухаан орохыг хүлээж байлаа. Миний охины бие нь яаж байна. Ээжтэйгээ ярьж

чадах нь уу?

-Би зүгээр байна аа ээж ээ. Таныг харсандаа маш их баярлаж байна

-Ээж нь ч гэсэн баярлаж байна. Муу охиноо золтой л эрлэгийн оронд явуулчихсангүй.

-Ээж ээ та намайг хаанаас олсон бэ?

-Чи лифтнээс гарч ирсэн

-Аав хаана байгаа юм бэ?

-Гэрээ нүүлгэж байгаа, охин минь. Одоо хэдүүлээ амар тайван амьдрах болно

-Би хэд хоног ухаангүй байсан бэ?

-Бараг сар гаран болсон байх. Гэхдээ одоо эмч чамайг зүгээр гэсэн, лам багш ч тэгсэн.

-Лам аа?

-Тийм ээ, лам. Чи ухаангүй байх хугацаандаа нэг жаахан охины тухай эцэс төгсгөлгүй ярьж

уйлаад л заримдаа инээгээд л байсан. Сайн лам багшийн хүчээр л охиныхоо амийг тогтоолоо.

Чамайг муу ёрын сүнсний хорлол болчихсон байна гэсэн шүү.

-Зовж үхсэн хүмүүсийн сүнс өөрсдийнхөө үхлийн шалтгааныг бусдад тайлбарлах гэж оролддог

юм шиг байна лээ

-Тэгэлгүй яахав охин минь, лам багш ч гэсэн яг ингэж хэлсэн.

Хэдий цасан шуургатай байсан ч гэлээ Тэргэлийн аав нь олон хүмүүстэй нийлэн хамаг тавилгаа

ачаалан нүүж байлаа. Энэ нүүдлийг харж зогссон хоёр эмгэн юу болохыг нь ажиглан цасыг нь

арчсан сандал дээр тухлан суусан харагдана.

-Таван жилийн өмнө цахилгаан шатанд үхсэн ээж охин хоёрын сүнс энэ орцныхыг тайван

байлгахгүй нь дээ.

-Чухам аа чухам.Бүх юм тэр амиа хорлодог хүүхний нөхрөөс болж байхгүй юу. Өөр юмтай

сүүлрээд эхнэрээ баахан доромжилдог байсан гэсэн. Эхнэрээ амиа хорлосны ердөө маргааш нь

осолд ороод эрэмдэг, мэдрэл муутай үхсэн амьдын хооронд болчихсон гэсэн. Эхнэр нь ч гэсэн

дээ, толгойдоо жаахан юмтай байсан гэдэг.

-Тэр амьд байгаа нөхөр нь үхэж байж л эх охин хоёрын сүнс амрах вий.

-харин тийм ээ. Тэр явдлын гайгаар энэ орцныхон нүүсээр байгаад бараг айл үлдэхгүй болох

нь. Уг нь хороонд хүсэлт гаргаад аль эрт цахилгаан шатны ажиллагааг нь зогсоосон гэсэн.

Тэгсэн чинь нэг удаа намайг энэ орцонд ороход яах аргагүй л лифтнийх нь хаалга нээгдэх

чимээ гарсан юм. Би ч ум хумгүй л буцаад гараад ирсэн шүү.

-Энэ орц руу орох зоригтой амьд амьтан олдохгүй болох вий

-Шинээр орсон айлуудад уг нь энд ирэх дэмий гэж хэлмээр л байх юм. Даанч хөгшин бидний

үгийг сонсох хүн олдох биш.

-Чухам аа, чухам. Би яг наадхыг чинь хүмүүст хэлж үзсэн л дээ. Тэгээд шанд нь “тэнэг хөгшин

зөнөг” гэж хэлүүлээд түүнээс хойш амаа хамхиж явахаар шийдсэн юм. Заавал үзэж байж

хашрах золигнууд юм даа...

Тэргэлийн гэр ийнхүү нүүж одсоны дөнгөж дараахан нэг залуухан гэр бүл том машинаар дүүрэн тавилгаа ачсаар орцны өмнө ирж зогслоо. Гэрийн эзэн бололтой нэг залуу өөр нэг хүнтэй хамжин хөргөгчөө дамжлан өргөсөөр орц руу явж оров. “Энэ орцны лифт ажилладаггүй гэсэн яаж дээшээ гарна аа” залуучууд хоорондоо ингэж ярилцснаа гэнэт зогтуслаа. Хэдэн хормын дараа гэрийн эзэн инээд алдаад “Ашгүй лифт ирж байх шиг байна” хэмээн баярлан хэлэв.

Зохиолч  Ц.Ууганбаяр /Шулмийн инээд/ /Цахилгаан шат/

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
FroZeNHearT

баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)